Турк, АНУ-ын удирдагчид Су-24-ийг сөнөөсөн талаар ярилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-25 10:02:05

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцонд халдсан хэргийн талаар Америкийн төрийн тэргүүн Барак Обаматай утсаар ярилцжээ. Хоёр орны удирдагчид ийм үйл явдал дахин давтагдахгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Турк өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгийг Обама хүлээн зөвшөөрчээ. Үүний сацуу ийм ноцтой үйл явдал дахин давтагдахаас зайлсхийх арга хэмжээг авахын тулд зайлшгүй хүчин чармайлт тавих шаардлагатай гэдэгтэй хоёр орны удирдагчид санал нэгдсэн байна. Үүний сацуу, Обама, Эрдоган нар Оросын нисэх онгоцонд халдсаны улмаас олон улсын харилцаанд үүссэн түгшүүртэй байдлыг намжаах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Хоёр орны удирдагчид мөн “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцлийг шийдэмгий үргэлжлүүлнэ гэдгээ нотолсон байна.

Сирид агаарын ажиллагаа явуулж буй агаарын бие бүрэлдэхүүний Су-24 бөмбөгдөгч онгоц энэ сарын 24-ний өглөө Туркийн F-16 сөнөөгч онгоцуудаас харвасан “агаар-агаар” ангиллын пуужинд оногдож сүйрчээ. Бөмбөгдөгч онгоц Сирийн хойд нутагт Турк улстай залгаа хил орчимд унасан байна.

Су-24-ийг сөнөөснийг “террористуудыг ивээн тэтгэгчид ар нуруунд хутга дүрсэн хэрэг боллоо” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Дээрх хэрэг нь хоёр орны харилцаанд ихээхэн хэмжээгээр нөлөөлж болзошгүй гэж тэрбээр үзэж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ