Норовлин сум 26 мянгат малчинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-05 10:32:48
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Норовлинд суманд шинээр Баян-Өлзийт багийн Г.Мөнх-Эрдэнэ, А.Ганхуурай, Т.Баясгалан, С.Ариунболд, Ангирт багийн Ш.Гангантөр, Онон багийн М.Ганхуяг, Ш.Баясгалан нар шинэхэн мянгат малчнаар тодорсноор тус сумын хэмжээнд нийт 26 мянгат малчин өрхтэй болсон байна.

Өнгөрөгч оны жилийн эцсийн мал тооллогоор Норовлин сумынхан 145.765 толгой мал тоолуулж, мал сүрэг таван төрлөөр өссөн өнтэй жилийг үджээ.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Норовлин суманд “Малчин таны алдар” мянгат малчдын анхдугаар уулзалтыг зохион байгуулсан аж. Уулзалтын үеэр 20 өрхийн 40 гаруй малчдыг цус, биохими, шээсний шинжилгээ, эхо зэрэг урьдчилан сэргийлэх бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан байна. Мөн Засаг даргын орлогч, татварын улсын байцаагч, улсын бүртгэгч, хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч, МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүд малчдад мэдээлэл хийж, санал бодлоо солилцжээ.

Норовлин сумын ойн нөхөрлөлүүд 2017 онд “Зүүд биш байгаасай” төслийг ивээн тэтгэн сумын залуучуудын холбоо, аж ахуйн нэгжүүдтэй хамтран өрх толгойлсон, орон гэргүй иргэн Д.Нарантуяад хашаа байшинг цогцоор нь барьж хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл энэ онд “Зүүд биш байгаасай”-2” төслийн санхүүжилт бүхий есөн сая төгрөгийг мянгат малчид ивээн тэтгэхээр болж, сайн үйлсийн төлөө нэгдээд байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ