Х.Энхжаргал: Тендерийн сонгон шалгаруулалт өөр зарчмаар явагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-02 14:09:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Засгийн газраас "2018 оныг Сахилга, хариуцлагын жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан АТГ-ын тэргүүн комиссар Х.Энхжаргал өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт АТГ-ын ажлын удирдамж гардууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-ын ажлын хэсэг төрийн бүхий л шатны  байгууллагад ажиллан авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцжээ. 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал ярихдаа, "Дөрөвдүгээр сарын 1-нээс тендэрийн сонгон шалгаруулалтууд  эхэлнэ. Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн Авлигын эсрэг бүлгийн 22.1.1 өөрчлөгдсөн. Хуучин Авлигын эсрэг гэмт хэрэг нь заавал хохирол учруулсан, мөнгө угаасан байх ёстой гэдэг байсан. А3-ын сертификаттай хүмүүсийн тоог нэмэхийн тулд сангийн яамны зөвлөмжийн дагуу 4 сургалтын байгууллага нэмж гаргасан. Үүнд нийт яам, агентлаг, тендэрийн үнэлгээний хорооны А3 сертификаттай мэргэжилтнүүдийн тоог 3-5 дахин нэмэгдүүлэхийг зөвлөсөн. Тэгэхээр тендэрийн сонгон шалгаруулалтад дархлагдсан 3-4 хүн орох ёстой биш, олон төрийн албан хаагчид орж хяналт тавьж, энэ чиглэлд нь бодитой мэдлэгтэй байх ёстой гэсэн зарчмуудыг тусгасан. Тиймээс  энэ жилийн сонгон шалгаруулалт  өөр зарчмаар явагдана" гэлээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд АТГ яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гэх мэт төрийн бүхий л шатны байгууллагуудад Авлигатай тэмцэх газрын долоон ажлын хэсэг өнгөрсөн онд очиж ажиллан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан байна.

Ингэснээр төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендэр сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл байдал тогтоогджээ.

Тиймээс Авлигатай тэмцэх газраас шалгалтын дүнг Үндэсний Аудитын газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэлэлцүүлж, шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Монгол Улсын Сайд нарт хүргүүлж байгаа аж.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ