Нигерийн охидын сургуулийн 100 гаруй сурагч сураггүй болжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-23 10:39:45
МАЙДУГУРИ. /Америкийн дуу хоолой/. Нигери улсын нэгэн охидын сургуулийн дотуур байр руу лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийнхэн халдсаны дараа тус сургуулийн 101 сурагч сураггүй болсон тухай олон улсын эх сурвалжууд мэдээлж байна. 

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, энэ долоо хоногийн даваа гарагийн орой Нигерийн зүүн хойд нутгийн Йобе мужийн 926 сурагчтай охидын сургуулийн дотуур байр руу “Боко Харам”-ынхан халдсан аж. Сураггүй болсон сурагчдыг босогчид хулгайлан авч явсан байж болзошгүй гэж албаны хүмүүс эмээж байна.

"Боко Харам" бүлэглэлийнхэн нь 2014 оны дөрөвдүгээр сард Нигерийн зүүн хойд нутгийн өөр нэгэн охидын сургуулиас 200 гаруй сурагчийг хулгайлсан билээ. Энэ хэрэг тухайн үедээ олон улсын анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд охидын заримыг нь “боол” болгон худалдсан байж болзошгүй гэж албаны хүмүүс үзэж байгаа юм. Охидын 100 орчим нь одоо ч барьцаанд байгаа гэж Нигерийн армийнхан үзэж, тэднийг суллах гэж хүчин чармайлт гаргасаар байгаа гэнэ.

“Боко Харам”-ынхны гол зорилго нь Нигерийн засгийн газрыг түлхэн унагааж, лалын халифт улс байгуулах явдал юм. Тус бүлэглэл нь есөн жилийн өмнөөс Нигерийн засгийн газрын эсрэг ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 20 мянга гаруй хүний аминд хүрээд байна.
Г.Доржханд

Холбоотой мэдээ