Сүхбаатар аймгийг зорих авто машины хөдөлгөөн нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-21 15:31:51
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатараас хөдөө орон нутгийг зорих авто машины хөдөлгөөн эрс нэмэгджээ. Энэ нь иргэд шинийн найман, шинийн 15-нд багтаж овоо, уул усандаа мөргөх гэсэнтэй холбоотой. Өчигдөр буюу шинийн долооны ганцхан өдөр Сүхбаатар аймгийг 400 гаруй гадны дугаартай авто машин дамжин өнгөрсөн байна. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа гэв.

Шинийн гуравнаас хойш Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Шилийн богд уулыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгаас гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, гаднаас орж ирж буй авто машинуудад хяналт тавих, тоолох, заавар зөвлөгөө өгөх ажлыг хийж байна.

Авто замын постоор дамжин орж ирсэн 400 гаруй авто машинд хяналт хийхэд согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон зэрэг 30 гаруй зөрчил илрүүлжээ. Тиймээс хөдөө орон нутгийг зорьж буй жолооч, зорчигчдыг тээврийн хэрэгслийн болоод өөрсдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, мөн овоо, уул усанд очихдоо ёс жаягийг чанд сахихыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулав.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ