МАХН-ын II их чуулганаар намын даргаа сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-09 12:57:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын II Их чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо Корпорейт төвд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус Их чуулганд дүүрэг, сум, хороо зэрэг МАХН-ын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд МАХН-ын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна. Их чуулганы үеэр Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар илтгэл тавих аж. Тодруулбал, чуулганы эхний өдөр буюу өнөөдөр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого сэдвээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр танилцуулав. Тэрбээр илтгэлдээ, тус намаас боловсруулсан Шинэ Үндсэн хуулийг танилцуулсан юм. Тус Үндсэн хуульд Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байх, Парламентыг хоёр танхимтай болгох, Шүүхийг хараат бус байлгах, Монгол хүн бүрийг дээд боловсролтой болгох зорилгоор дээд боловсролыг үнэгүй олгох, залуучуудад орон сууц олгох, Байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгох гэх мэт заалтууд тусчээ.  

МАХН-ын даргын илтгэлийн дараа МАХН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр танилцуулах аж. Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы үйл ажиллагааны тайлан, Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайлан, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого илтгэлийг тус тус батлах юм байна. Түүнчлэн МАХН-ын Бүтэц, зохион байгуулалтын асуудлын хүрээнд МАХН-ын дарга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны гишүүд, МАХН-ын Бага чуулганы гишүүдийг сонгохоор төлөвлөжээ. Их чуулганаас сонгогдсон Бага чуулганы анхдугаар хуралдааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга нар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгох юм байна.

МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ "МАХН нэрээ сэргээж авч, Онц их хурлаа хийснээс хойш 7 жил өнгөрлөө. Энэ хугацаанд их тэмцлийг өрнүүлсэн, ханилж яваа найз нөхдөө таньсан, хатуу дарамт шахалтыг авсан. Зайлшгүй шалтгааны улмаас бид Их хурлаа энэ хугацаанд хийх боломжгүй байсан. Энэ хурлаар МАХН-ын хөгжлийн шинэ гарцаа тодорхойлох нь хамгийн чухал. Намын зорилго, алсын харааг тодорхойлох юм. Тийм учраас улс орны өнцөг булан бүрээс авсан саналаа нэгтгэн боловсруулсан Шинэ дээд Үндсэн хуулиа энэ хурлаар хэлэлцэж батлуулах гэж байна" хэмээж байв. 



МАХН-ын II Их чуулганд оролцогчдод МАН-ын дарга У.Хүрэлсүх илгээлт ирүүлсэн бөгөөд МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар уншиж танилцуулав. Илгээлтэд "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт улс төрийн намуудын эрхэм зорилго нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч улс орны эрх ашгийн төлөө зөв шийдэл, оновчтой гарцыг хамтдаа эрэлхийлэн хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж бид үзнэ. МАХН-ын ээлжит II Их чуулганаас гарах шийдвэрүүд нь Монголын ард түмний сайн сайхны төлөө байна гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэсэн бол АН-ын дарга С.Эрдэнээс ирүүлсэн илгээлтэд "Өнөөгийн УИХ, Засгийн газрын хэт олонхийн хяналтгүй засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгалийн баялгийн өгөөжийг нийт иргэдэд хүргэх талаар бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлье. Эрх чөлөөтэй, эрх тэгш хариуцлагатай ардчилсан Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая” хэмээжээ.

Их чуулганы төлөөлөгчид мөн өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ