Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сангийн сайдад мэдэгдэл хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-08 09:35:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцон гаргаж байгааг үе шаттайгаар нэмэгдүүлж 7 жил болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна гэж үзэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт мэдэгдэл хүргүүллээ.
Тус мэдэгдэлд “Засгийн газрын зүгээс нийгмийн зөвшлийн талуудын харилцан зөвшилцлийг хангах арга хэмжээг авалгүйгээр хуулийн төслийг УИХ-д мэдүүлсэн нь шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж тогтвортой ажиллаж байгаа нийт даатгуулагчдыг хавтгайруулан хамруулсан, улмаар одоогийн тэтгэврийн хэмжээг бууруулах эрсдэлтэй буруу шийдвэр боллоо гэж үзэж тус холбооны зүгээс буруушааж уг хуулийн төслийг дэмжихгүй болохоо албан ёсоор мэдэгдэж төслөө татаж авахыг шаардаж байна” гэжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ