М.Ахмет Язал: Хоёр орны гадаад худалдааг өмнөх оноос хоёр дахин нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-06 13:17:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал өнөөдөр сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэрээ 2018 онд хоёр орны гадаад худалдааг өмнөх оноос хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр цааш ярихдаа,“Өнгөрсөн онд Монгол-Турк хоёр орны гадаад худалдааны эргэлт 30 сая ам.доллар байсан бол энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой. Бүр цаашилбал 300-500 сая ам.долларт хүргэх нь хэцүү асуудал биш. Тиймээс энэ хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгийг 7 хоногт 7 удаа үйлддэг болгохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр орны хооронд 7 хоногт 500 зорчигч нисэх суудлын хуваарьтай. Тус хязгаарлалтын хүрээнд нислэгийг том онгоцоор 2 удаа эсвэл жижиг онгоцоор 3 удаа үйлддэг. Ер нь иргэний нисэхийн салбарт 7 хоногт хийх шууд нислэгийн тоо 3-аас доош буурсан тохиолдолд алдагдал хүлээдэг гэж үздэг. Өнөөдрийн байдлаар Истанбул-Улаанбаатарын хооронд жижиг онгоцоор 7 хоногт гурван удаагийн нислэг үйлдэж байгаа ба хол зам туулж байгаа тул шатахуунаа цэнэглэх шаардлага үүсдэг. Тэгэхээр 500 суудлын хязгаарлалтыг цуцалж том оврын онгоцоор олон тооны нислэг үйлддэг болвол нислэгийн хоорондын цаг илүү богиносох, зорчигчдын тав тух хангагдах ач холбогдолтой” хэмээн тодотголоо.


Түүнчлэн ноён М.Ахмет Язал Элчин сайдын ажлаа авсаны дараа ТИКА-гийн хөрөнгө оруулалт, төслийн үр дүнг нэмэгдүүлэх үүднээс тус байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын төрийн байгууллагуудаас гаргасан санал санаачилгад түшиглэж явуулдаг болж байгаагаа хэлж байв. Түүнийг ажлаа авахаас өмнө ТИКА-гийн Монгол дахь салбар өөрсдийн санаачилгын хүрээнд ямар нэг төслийг манай улсад хэрэгжүүлдэг байсан энэхүү зарчимд өөрчлөлт орсноор гарч буй үр дүнгийн тухайд тэрбээр, "Өөрчлөлтийн үр дүн эерэгээр гарч байгаа. ТИКА байгууллага нь өнгөрсөн хугацаанд том жижиг нийлсэн 500 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэдгээрийн 80 орчим төсөл өнгөрсөн онд хэрэгжлээ. Орон нутгийн удирдлагуудтай тухайн төслийг эхлүүлэхээс гадна тогтвортой үргэлжлэх байдалд нь санаа тавьж ажиллаж байна” гэлээ.

Мөн ЭСЯ-наас соёлын салбарын хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа ба өнгөрсөн жилээс тус салбарын хүрээнд томоохон хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Туркийн Засгийн газар болон бусад олон улсын байгууллагын дэмжлэгтэй Орхоны хөндий дэх Түрэгийн Гэрэлт хөшөөг хамгаалалтад авч музей босгон автозамтай холбосон.  Мөн мэргэн Тоньюкукт зориулан босгосон хөшөөний орчимд дахин музей байгуулах ажлыг эхлүүлж, одоогоор Туркийн талаас зургийн ажлыг хийж байгаа аж. Түүнчлэн энэ оны 6 дугаар сард тус улсын 100 гаруй эрдэмтэн манай улсад хүрэлцэн ирэх ажлыг ЭСЯ-наас зохион байгуулж байгаагаа энэ үеэр мэдээлэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ