Алдагдсан 16 мянган адууг малчдын хамтын хүчээр оллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-05 20:05:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өөр аймгийн нутагт оторлож яваа малчдаа эргээд ирлээ. Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Хулд, Өлзийт, Цогт-Овоо суманд манай аймгаас 400 гаруй малчин өрх 300 гаруй мянган малтай өвөлжиж байгаа юм.
Тэдэнд түлээ түлш, хүнсний тусламж үзүүлэхээр аймгаас томилсон ажлын хэсэг нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 4 хүртэл зургаан хоног ажилласан бөгөөд өрх тус бүрт 10 кг гурил, таван шуудай нүүрсийг үнэ төлбөргүй олголоо.
Малчид өөрсдийн гурил, будаанаас илүү малдаа явах бензин шатахуун хэрэгтэй байгааг хэлж байсан бөгөөд нийтдээ 40 гаруй мянган адуу алдагдаад байгаа аж. Тиймээс адуу ихээр оторлож буй бүс нутгуудад адууны хамаа хийх асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхний ээлжинд Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Дундговь аймгийн 16 сумын 253 малчин Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын зааг нутаг болох “Ахар хайрхан”-ы бэлээс адууг хамах ажилд хамтран оролцлоо. Энэ ажлын үр дүнд 16 гаруй мянган адууг олж, эздэд нь хүлээлгэж өглөө.
Цаашид хил залгаа аймаг, сумын малчидтай хамтран адууны хамааг хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний тулд отрын адуу бөөгнөрч болох газруудын судалгааг хийх аймгаас нэгдсэн зохион байгуулалттай ажиллах юм. Мөн алдагдсан адууг нядалж дамлах асуудал малын хулгайн хэрэгтнүүдийн дунд багагүй байгааг таслан зогсоох, махны ченж, худалдаачдыг отрын бэлчээр дээрээс мал, мах авахгүй байхыг сануулах арга хэмжээ авахыг Цагдаагийн газарт үүрэг болгов.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ