Хятадын дотоодын худалдааны эргэлт анх удаа 10 их наяд юанийн босгыг давлаа

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-02 16:28:07
Бээжин /МОНЦАМЭ/. “Өнгөрөгч 2017 онд Хятадын дотоодын худалдааны хэмжээ 10.7 их  наяд юаньд хүрч, ДНБ-ий 13 хувийг эзэлжээ. Ийнхүү түүхэндээ анх удаа 10 их наяд юанийн босгыг давсан” тухай Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фөн өчигдөр мэдээллэв.
Өнгөрсөн онд Хятадын дотоодын худалдааны голлох салбаруудад бөөний болон жижиглэнгийн худалдаа, зочид буудал, хоол хүнс, бүх төрлийн үйлчилгээний зэрэг салбарууд багтжээ. Тухайлбал, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар 7.8 их наяд юаньд хүрч, 7.1 хувиар, зочид буудал, хоол хүнсний салбар 1.5 их наяд юаньд хүрч, мөн л 7.1 хувиар тус тус өссөн байна.
Бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарын татвар 20 хувиар өссөн нь, нийт татварын орлогын 25 орчим хувийг бүрдүүлсэн байна. Мөн Хятад улсад худалдааны салбарт ажиллаж буй иргэд 2016 онтой харьцуулахад 10 хувиар өсч, 200 саяд хүрчээ. Энэ нь тус улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 25 орчим хувийг бүрдүүлж байна.
Түүнээс гадна Худалдааны яамнаас машин импортлох 9-н боомтууд дээр нэмж, ӨМӨЗО-ны Манжуур боомт, Жян Су мужийн Жан Жяган гаалийн чөлөөт бүс, Хө Нан мужийн Жөн Жөү төмөр замын боомт, Ху Нан мужийн Юүэ Ян Чөн Лин Жи боомт, Гуан Си мужийн Чин Жөү гаалийн чөлөөт бүс, Хай Нан мужийн Хай Коу боомт, Чун Чин хотын төмөр замын боомт, Чин Дао хотын Чень Ван гаалийн чөлөөт бүс зэрэг 8-н боомтыг шинээр машин импортлодог болгохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр бүх нийтэд хүртээмжтэй, зардал багатай, авто машиныг ард иргэдэд хүргэх тогтолцоог бий болгож, авто машины зах зээлийн монопольчиллыг үгүй хийнэ гэж үзэж байгаа ажээ.
А.Анхбаяр   
 
Холбоотой мэдээ