“Apple” компанийг мөрдөн шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-01 12:56:02
МОСКВА./РИА Новости/. iPhone утасны загваруудын үйлдлийн системийг удаашруулсан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор АНУ-ын ХЗЯ болон тус улсын Үнэт цаас болон биржийн комисс “Apple” компанийг мөрдөн шалгаж байгаа талаар “Bloomberg” телевиз мэдээлэв.

Тус компани ухаалаг гар утасны хэд хэдэн хуучин загварынхаа үзүүлэлтийн талаар худлаа мэдээлснээр "Мэдээллийг дэлгэн задруулах тухай" хуулийг зөрчсөн байж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.

Ухаалаг гар утаснуудынхаа гэнэт унтрах асуудлыг шийдэж, цэнэгээ удаан барих чадварыг нэмэгдүүлэхийн тулд жилийн өмнө iOS 10.2.1 дугаартай системийн шинэчлэлт хийсэн нь iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus болон iPhone SE загваруудын үзүүлэлтийг бууруулж байгааг Apple компани хүлээн зөвшөөрсөн юм.
 
Гэсэн хэдий ч уг мэдээлэл нь хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлж, тэд АНУ болон Израилд тус компанийн эсрэг нэхэмжлэл гаргажээ.
 
Энэ үйл явдалд “Apple” компани хүлцэл өчиж, зайны талаар хэрэглэгчиддээ илүү мэдээлэл хүргэнэ гэдгээ амлаж, цаашид iPhone утасны хуучин загваруудын зайг солиулах зардлыг бууруулах шийдвэр гаргасан байна.

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ