Чуулганаас гаргасан уриалгаа хүүхдүүд аймгийн Засаг даргадаа гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 22:07:00

Аймгийн хүүхдийн чуулганаас гаргасан уриалгаа хүүхдүүд аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад энэ сарын 18-ны өдөр гардуулан өглөө.

Өнгөрсөн 9-р сард Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ЕББД 35 сургууль, мөн МСҮТ-ийн төлөөлөгчид оролцсон “Бид шинэ үеийн хүүхдүүд” аймгийн хүүхдийн 6-р чуулганыг аймгийн төв Сүхбаатар хотод зохион байгуулсан юм. Энэхүү чуулганд нийт 158 төлөөлөгч хүүхдүүд оролцсон бөгөөд чуулганы үеэр чуулганы салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, хүүхдийн хөгжилд чухлаар нөлөөлдөг хувь хүн, гэр бүл, сургууль, нийгэм, олон нийт гэсэн 5 хүчин зүйлийн хүрээнд хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах зарчмыг баримтлан 300 санал санаачлага, уриалгыг нэгтгэн гаргажээ. Энэхүү уриалгаа хүүхдүүд аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад энэ сарын 18-ны өдөр гардуулан өглөө. Уриалгад:

1.Хүүхдүүд бид-Эх орныхоо түүх соёл, зан заншлаа дээдэлдэг, соёл ч энэрэнгүй, зорилго тэмүүлэлтэй, байгаль орчин эх дэлхийгээ хайрлан хамгаалах, эрүүл чийрэг, эхдэм боловсролтой, шударга иргэн болохыг төлөө чармайн суралцья.

2.Үе тэнгийн найзууддаа-Бие биендээ урмын үг харамгүй хайрлаж, бусдад туслах, мэдлэгээ хуваалцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, интернэт цахим хэрэглээг багасгаж, номтой нөхөрлөн, үе тэнгийн найзуудтай хүсэл сонирхлоороо нэгдэж, мөрөөдлийнхөө төлөө хамтдаа хөгжицгөөе.

3.Аав, ээжүүддээ-Хүүхэд болгон айдас хүчирхийлэлгүй, архи тамхигүй, эрүүл аюлгүй орчинд өсөж, хүүхэддээ цаг гаргах, ярилцах, сонсож дэмжих, ойлгох, аав ээжийнхээ халуун хайр энхрийлэлд өсч хүмүүжицгээе.

4.Багш, сурган хүмүүжүүлэгч нартаа-Багш болгон хүүхдийг ялгаварлан гадуурхалгүй, хүүхдийн хувийн мэдээллийг задруулдаггүй, өөрийн гаргасан дүрэм, журмаа зөрчихгүй, эелдэг зөв боловсон харилцаж, хүүхдэд ээлтэй сургуулийг бий болгоцгооё.

5.Шийдвэр гаргах түвшний ах, эгч нартаа-Сар бүрийн 25-ны өдөр “Хүүхдээ сонсох” өдрийг тогтмол ажиллуулж, бидний тухай шийдвэр гаргахдаа биднийг оролцуулж, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх хөгжлийн төвүүдийг бий болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлцгээе гэжээ.

Энэхүү уриалгыг бүх түвшинд үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхийг уриалж, аймгийн Хүүхдийн оролцооны байгууллагын гишүүн хүүхдүүд ийнхүү аймгийн Засаг даргад өргөн барьж буй ажээ. Аймгийн дарга хүүхдүүдийн өргөн барьсан уриалгыг гардан аваад “ямар орой өгч байна вэ” хэмээлээ. Хүүхдүүд хоорондоо ярилцаж, хурал зөвлөгөөн хийсний эцэст аймгийн даргадаа өөрсдийн гараар өргөн барих нь зүйтэй юм байна хэмээн шийдсэн гэдгээ хэллээ. Аймгийн Засаг дарга өөрийн өрөөндөө хүүхдүүдийг хүлээн авч тэдний санал бодол, хүсэл зоригийг сонсч, хүүхдийн төлөө аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээнийхээ талаар хүүхдүүдэд тодорхой мэдээлэл өгсөн. Ингээд өнөөдөр ирсэн бүрэлдэхүүнээ бүр өргөн олон болгоод энэ сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд бүгдээрээ ярилцья хэмээн хариу өглөө.

Уулзалтын үеэрээ яг өнөөдөр хүүхдүүдэд тулгамдаж буй ямар асуудал байгаа талаар ний нуугүй ярилцаж, нэгэн шийдвэрт хүрэх болно. Иймээс бүх төлөөлөл болсон хүүхдүүдийг ирэх уулзалтандаа хамруулж, харилцан ярилцая гэдгээ аймгийн дарга хүүхдүүдэд хэллээ. Хүүхдүүдийг аймгийн дарга чихрээр дайлж, ямар хүсэлт, санал байгааг нь сонсоод дахин уулзахын ерөөл дэвшүүлэн аймгийн даргаа зорьсон хүүхдүүдийн энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ