О.Баасанхүү: Төрийн мөнгө шамшигдуулсан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-31 18:01:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар болон маргааш болох эсэргүүцлийн тайван жагсаалын талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр МАХН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өгсөн хүсэлтийнхээ талаар “МАХН-аас Улсын дээд шүүхэд хандан МАХН-ын даргад нэрээ баталгаажуулахаар өгсөн ч одоог хүртэл хариу өгөхгүй байна. Цаад шалтгаан нь улс төрийн зорилготой. Энэ хооронд н.Давааням нарын иргэд “О.Баасанхүү эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж маш олон удаа ярьсан, мөн хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол өгсөн. Харин прокурорын байгууллагаас “н.Давааням нарын ирүүлсэн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэдэг хариуг ирүүлсэн бол Тагнуулын ерөнхий газраас “О.Баасанхүү нарын Төрийн ордонд хийсэн хурал нь хууль ёсны байсан” гэсэн хариуг ирүүлээд байна" гэлээ. 

Маргааш болох АН-аас зохион байгуулах жагсаалын талаар "Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга манай МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад энэ жагсаалд дэмжлэг авах талаар ярьж байгаа юм билээ. Бид энийг баталгаажуулна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой. Хэрэв Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн нь нотлогдох юм бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөсөө чөлөөлөгдөх ёстой, эсвэл Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох ёстой. АН-ынханд хандаж хэлэхэд бусдыг бархирсны дараа хашгирдагаа боль. Ерөнхий сайдад хариуцлагаа чангатга гэдэг шаардлага хүргүүлнэ. Төрийн мөнгө шамшигдуулсан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. 2020 оны сонгуульд оролцъё гэвэл АН, МАН хоёр хулгайч нараасаа салах ёстой” гэлээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ