Улсын чанартай замд нүүрс асгасныг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-31 17:34:23
Увс /МОНЦАМЭ/. Саяхан “Увс-АЗЗА” төрийн өмчит компанийн ажилчид Улаангом, Наранбулаг, Сонгино, Нөмрөг чиглэлийн улсын чанартай автозамын нягтаршсан цасыг цэвэрлэснээр зорчих хөдөлгөөн хэвийн явагдаж байсан юм.
Гэвч зарим жолооч энэ замд төвөөсөө 30-аад км-ын зайд зорчих хэсэгт нүүрс асгачихаад цэвэрлэхгүйгээр орхиод явсан байна. Иймд “Увс-АЗЗА” төрийн өмчит компанийн ажилчид уг нүүрсний хогийг цэвэрлэж зайлуулжээ.
“Жолооч, зорчигч нар замын хөдөлгөөнд оролцохдоо соёлгүй хандаж, ачиж явсан хогоо замын ойролцоо буулгаж хаях, эсвэл идэж уусан зүйлийнхээ хогийг машиныхаа цонхоор шидчихдэг. Энэ нь ялангуяа зуны улиралд улсын чанартай автозамын ойр орчмыг бохир харагдуулдаг. Түүнчлэн улсын чанартай автозамд байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээ алга болох тохиолдол цөөнгүй ажиглагдаж байсан. Иймд нийт жолооч, зорчигч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зам бохирдуулахгүй байх, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг эвдэж сүйтгэхгүй баймаар байна” хэмээн “Увс-АЗЗА” төрийн өмчит компанийн талбайн инженер О.Сэргэлэнбаатар анхаарууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ