Хоёр Солонгосын урлаг соёлын хамтарсан арга хэмжээ цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-30 09:28:12
СӨҮЛ. /Ёнхап/. Удахгүй болох гэж буй Пёнчаны өвлийн олимпийн наадмыг тохиолдуулан зохион байгуулахаар товлоод байсан урлаг соёлын хамтарсан арга хэмжээг Умард Солонгосын тал цуцаллаа гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн XXIII наадмын өмнө Умард Солонгосын Кымган ууланд уг арга хэмжээг зохион байгуулахаар талууд тохиролцоод байсан юм. Өмнөд Солонгосын албаны хүмүүс энэ сарын эхээр Умард Солонгост очин арга хэмжээ болох газрыг шалгаж байсан билээ.

Гэсэн хэдий ч Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Пёнчаны олимпт умард солонгосчууд хэрхэн бэлтгэж байгааг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “доромж” өнгө аястайгаар мэдээлсэн гэх шалтгаанаар урлаг соёлын хамтарсан арга хэмжээг цуцалж буйгаа Умард Солонгосын тал өнөөдөр утсаар мэдэгдлээ. Энэ арга хэмжээг цуцлах шийдвэрийг Умард Солонгосын тал дангаар гаргасанд харамсаж байна” гэжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ