Цагаачлалыг эдийн засгийн өсөлтийг тэтгэж буй үзэгдэл гэж нэрлэжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-29 14:48:10
МОСКВА. /ТАСС/. Хууль ёсны цагаачлалаас хамгийн дээд зэргийн ашиг тус гаргаж авах, дүрвэгсэдтэй харгис хандах явдлыг хамгийн бага хэмжээнд хүргэх шаардлагатай байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотод өнгөрсөн ням гарагт болсон Африкийн Холбооны /АХ/ гишүүн улсуудын төр, засгийн тэргүүнүүдийн 30 дугаар уулзалтад оролцохдоо онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ “Шилжин суурьшилт нь эдийн засгийн өсөлтийг тэтгэж, тэгш бус байдлыг багасгаж, нийгэм хооронд харилцаа холбоо тогтоож, хүн амын тоо нэмэгдэх юм уу буурах хүн ам зүйн давалгааг гэтлэн давахад тусалж буй эерэг үзэгдэл юм. Дүрвэгсэдтэй харгис хандах түгээмэл хандлага болон тэднийг ашиглан мөлжих гутамшигт үзэгдлийг би зэмлэн буруушааж байна” гэжээ.

Африкийн холбооны улсуудын төр, засгийн тэргүүнүүдийн 30 дугаар уулзалт Аддис-Абеба хотод “Авлигыг ялан дийлэх нь Африкийг өөрчлөн байгуулах найдвартай арга зам юм” уриан дор энэ сарын 28-29-нд болж байгаа юм. 

Африкийн холбоо нь Африк тивийн 55 улсыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын томоохон байгууллага юм. Уг байгууллагын төв байр нь Этиопын нийслэл Аддис-Абеба хотод байрладаг билээ.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ