Улаангомд 60 мегаваттын цахилгаан станц байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 16:59:29

Баруун таван аймгийн хувьд эрчим хүчний хүндрэл их. Дизель станцаар цахилгаан үйлдвэрлэдэг Завхан, Говь-Алтай аймгийн сумд дизелийн түлшний үнийн зөрүүнд жилд дунджаар 13 орчим тэрбум төгрөгийн татаас авч байна.

Ховд, Увс, Баян-Өлгий аймаг нь импортын цахилгааны үнийн зөрүүнд 5 орчим тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авч, ОХУ-д төлдөг. Түүнчлэн гурван аймгийн иргэдээс цахилгааны төлбөрт 15 орчим тэрбум төгрөгийг жил бүр ОХУ-аас эрчим хүч ашигласны төлбөр төлдөг. Эрчим хүчний хараат байдлаас гарах төслийг “Их наядын Увс” хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан нь Увс аймаг цахилгаан, дулааны импортлогч биш экспортлогч аймаг болох “ЦАХИЛГААНЖУУЛАЛТ” төсөл юм. Уг төслийг хэрэгжүүлэх санамж бичгийг “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл, Герман улс дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК-ийн захирал Франк Коккиш нар байгууллаа. Ингэснээр Увс аймгийн Улаангом хотноо 60 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулахаар болж байна. Энэхүү ёслол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Берлин хотноо хийж буй айлчлалын хүрээнд болсон бөгөөд гэрээг байгуулахад Монгол Улс “Баруун Монгол энержи” компанид баталгаа гаргаж өгч байгаагаараа онцлог болжээ.

Энэ үеэр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл “Энэхүү цахилгаан станц нь дэлхийн хамгийн өндөр шалгуурыг хангасан хабрид буюу нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэнэ гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм цахилгаан станцтай болсноор Монгол Улсын баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлох асуудал байхгүй болж, баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах болно. Энэ дашрамд Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогоор дэмжиж байгаа Засгийн газарт баярласнаа илэрхийлж байна” хэмээжээ. Энэхүү төслийг хувийн хэвшил төрийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд 120 сая еврогийн зээлийг “Баруун Монгол энержи” ХХК-ийнхан 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулахаар санамж бичигт заасан аж.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ