Трампын тухай бичсэн ном 1,7 сая хувь борлогджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-25 17:03:35
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн сэтгүүлч М.Волффын ихээхэн дуулиан шуугиан тариад буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаар өгүүлэх “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” ном цаасан, цахим болон сонсоход зориулсан дуун хэлбэрээр 1,7 сая хувь борлогджээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, одоогоор хатуу хавтастай ном нь 1,5 сая хувь хэвлэгдсэн байгаа аж. Гэсэн хэдий ч М.Волфф зохиолч Жоанна Роулингийн амжилтад хүрэхэд их хол байна. Түүний бичсэн “Харри Поттер ба Үхлийн шүтээн” ном нь 2007 онд 24 цагийн дотор гэхэд л 8,3 сая хувь борлогдож байжээ.  

“Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” ном энэ сарын 5-нд худалдаанд гарч, цахим худалдаа эрхлэн явуулдаг “Амазон” дэлгүүр болон “Нью-Йорк Таймс” сонины хамгийн өндөр борлуулалттай барааны жагсаалтыг тэргүүлээд байгаа билээ.
 
Энэхүү номонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль, түүний сонгуулийн штабынхан болоод Цагаан ордны албан хаагчдын зан авирын тухай өгүүлдэг аж. Д.Трампын зүгээс уг номын зохиогчийг “уйтгартай,  худал хуурмагаар дүүрсэн номоо борлуулахын тулд адал явдал зохион бодож олсон арчаагүй азгүй амьтан” гэж мэдэгдэж байсан билээ.
 
Түүнчлэн Д.Трампын өмгөөлөгч Чарльз Хардер зохиолч М.Волфф болон түүний номыг хэвлэсэн “Henry Holt and Co.” хэвлэлийн байгууллагад хандан “хэвлэхээ даруй зогсоож, номыг болон түүний хэсгүүдээс, агуулгаас нь цаашид хэвлэн нийтлэх, түгээн дэлгэрүүлэхээс зайлсхийхийг” шаардсан агуулга бүхий захидал илгээсэн юм.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ