Авлигын хэргээр ял сонссон Бразилийн ерөнхийлөгч асан Лула давж заалдсан ч амжилт олсонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-25 13:09:12
Сан-Паулу. /Би-Би-Си/. Авлигын хэргээр 9.6 жилийн хорих ял сонсоод байсан Бразилийн ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч амжилт олсонгүй гэж “Би-Би-Си” телевиз мэдээллээ.
 
Давж заалдах шатны шүүх лхагва гарагт буюу өчигдөр түүний гомдлыг авч хэлэлцсэн  байна. Шүүгчид анхан шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээгээд зогсохгүй ялын хэмжээг 12.1 жил болгон нэмжээ.
 
2003-2011 онд Бразилийг удирдаж байсан тэрбээр энэ онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсан бөгөөд "сонгуульд ялах магадлалтай хүн" гэгдэж байсан юм. Харин давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр түүний сонгуульд өрсөлдөх боломжийг хязгаарлалаа. Гэхдээ түүнд Дээд шүүхэд давж заалдах эрх бий аж.

Сан-Паулу хотод болсон шүүх хуралдааны дараа Лула сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Би ямар ч байсан 10 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй” гэж ярьжээ.

Лула-д яг ямар хэргээр ял оноосон бэ?
 
Бразилийн улс төр дэх авлигыг үндсээр нь устгана гэсэн амлалтаараа олон нийтийн дэмжлэгийг авснаар Лула 2003 онд тус улсын төрийн тэргүүн болж байжээ. Гэхдээ “сонгогчдын саналыг худалдан авсан” гэх томоохон  дуулиан шуугианд тэрбээр 2005 онд өртсөн байна. Энэ дуулиан шуугианыг дарах гэж тэрбээр ядуус руу чиглэсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд хэдэн тэрбум доллар зарцуулснаар 2011 оныг хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалдаа үлдэж байжээ.
 
Саналын хуудас луйвардсанаас гадна тэрбээр Бразилийн төрийн өмчийн нефтийн компани болох “Петробас”-тай хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд “ОСА” хэмээх барилгын компаниас 747.8 мянган ам.долларын хахууль авч, амралт сувиллын Гуаружа хотод тансаг харштай болсон аж. Түүнийг мөн мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулан ашигласан болон хууль шүүхийнхэнд нөлөөлөхийг оролдсон зэрэг хэрэгт буруутгасан байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ