АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмч байсан хүнд 175 хүртэлх жилийн ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-01-25 10:13:15
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. 100 гаруй эмэгтэйд, тэдний дотор олимпийн аваргуудад бэлгийн дарамт үзүүлж байсан гэх хэргээр АНУ-ын гимнастикийн үндэсний шигшээ багт болон Мичиганы их сургуульд эмчээр ажиллаж байсан Ларри Нассар гэгч этгээдэд 175 хүртэлх жилийн хорих ял оноолоо гэж шүүгч Розмари Аквилина өчигдөр болсон шүүх хурлын дараа мэдээлжээ. 
 
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Мичиган муж улсын Лансинг хотод долоо хоногийн турш 156 хохирогчоос авсан гэрчийн мэдүүлэг авсны үндсэн дээр түүнд дээрх ялыг оноосон байна.
 
Л.Нассар шүүх хурлын дараа ярилцлага өгөхдөө “Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна” гэж хоолой зангируулан хэлээд, хохирогчдоос уучлалт гуйсан байна.
 
Түүний бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын дунд олимпийн аварга Симон Байлз, Эли Райсман нар байгаа аж. Гэмт этгээд нь үзлэг хийх нэрийдлээр эмэгтэй тамирчдыг оролддог байжээ.

Хохирогчид ярихдаа “Түүний эсрэг удаа дараалан гомдол мэдүүлж байсан ч АНУ-ын Олимпийн хороо болон бусад холбогдох байгууллага үл тоосоор ирсэн” гэжээ.
 
Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Гимнастикийн холбооны удирдах албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь огцруулсан байна.

Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ