Дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцыг багш нарт хөнгөлөлттэй нөхцлөөр олгох санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-22 13:17:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх зорилгоор БХБЯ, НЗДТГ-ын удирдлагууд өнөөдөр "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийх ажил хэргийн уулзалт" зохион байгуулав.

Уулзалтын эхэнд БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн энэ онд барилгын салбарт хийх бүтээн байгуулалтын талаар танилцуулав. Тухайлбал, энэ онд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд 1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ. Түүнчлэн БНХАУ-ын хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжийг гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг сайжруулахад зарцуулах аж. Энэ хүрээнд Яармаг орчимд барьж буй орон сууцны хорооллын дулааны дэд бүтцийг "ДЦС IV"-аас татах, Амгалан ДЦС-аас Цайз, Амгалан, Чулуун овоо орчмын дулааны асуудлыг шийдвэрлэх зэрэг 9 багц ажлыг хийх юм. Мөн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах 8 багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дэд сайд танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт татах чиглэлд төр, хувийн хэвшил нягт хамтран ажиллана гэдгийг дурьдсан юм.
Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах гол шийдэл нь гэр хорооллыг барилгажуулах явдал. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй компаниудын өмнө тулгамдсан асуудал, гэрээний биелэлт зэргийг хэлэлцэв. 2012 оноос хэрэгжиж эхэлсэн дахин төлөвлөлтийн хүрээнд 1510 өрхийн газрыг чөлөөлж, 5197 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд улс, нийслэлийн төсвөөс 104.3 тэрбум төгрөгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийжээ. Цаашдаа дахин төлөвлөлтийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 192 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ. Ирэх сарын 01-нээс эхлэн нэг сарын хугацаанд аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх боломж болон өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг НЗДТГ-т хүлээн авах бөгөөд үүргээ биелүүлээгүй компаниудын гэрээг цуцлахаас эхлээд хариуцлага тооцох, бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар тодорхой шийдвэр гаргахаар төлөвлөж буйг Хотын дарга онцлов.
Мөн үеэр аж ахуйн нэгжүүдийн зүгээс тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Тухайлбал, “Гангар инвестмэнт” компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхтөр, “24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барих орон сууцанд 60 мянган айл орох төлөвлөгөө бий. Үүнийг төр, хувийн хэвшил болон иргэд дэмжин ажиллаж байгаа. Тухайлбал, манай компани 504 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Цаашдаа барьсан орон сууцаа борлуулахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

“Буурал сутай” компанийн гүйцэтгэх захирал Д.Одбаяр, “Аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол асуудал нь санхүүжилт. Хөрөнгө оруулагчидтай уулзахад орон сууцны борлуулалт муу байгаа тул санхүүжилт хийхэд хүндрэлтэй гэсэн тайлбар өгдөг. Тиймээс дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан  орон сууцыг сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцлөөр олгох чиглэлд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр борлуулалт нэмэгдэж, бид хөрөнгө оруулалт татах боломж бүрдэхээс гадна иргэдийг орон сууцжуулахад томоохон түлхэц болно” гэсэн санал хэллээ.

Түүнчлэн дахин төлөвлөлтөд орсон зарим аж ахуйн нэгж, иргэд газраа хэт өндөр үнэлдэгээс үүдэн барилгын ажил гацаанд орох тохиолдол их байна. Тиймээс төрийн зүгээс газар чөлөлөлтийн асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэхийг аж ахуйн нэгжүүдийн зүгээс хүслээ.

Газар чөлөөлөлт болон бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор БХБЯ болон холбогдох байгууллагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Аж ахуйн нэгжүүдээс ирүүлж буй дээрх саналуудыг хуулийн төсөлд тусгахаа БХБ-ын сайд Х.Баделхан хэллээ. Мөн БХБЯ, Сангийн яамны ажлын хэсгээс орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхээр ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах санал боловсруулж, ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, дахин төлөвлөлтөөр барьсан  орон сууц худалдан авсан тохиолдолд ипотекийн зээлийн хүүг 7 хувь хүртэл бууруулах, урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгох зэрэг  санал гаргаж буйг сайд онцлов. Түүнчлэн энэ онд улс, нийслэлийн төсөв болон бусад төслийн хүрээнд баригдах сургууль, цэцэрлэгийг дахин төлөвлөлтийн төслүүдээ уялдуулах чиглэлд БХБЯ, НЗДТГ анхаарч ажиллана гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ