Б.Ууганбаяр: Хялганат тосгон аймгийнхаа хөгжлийн нэг төв болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-22 00:26:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Захирагч Б.Ууганбаяртай уулзаж ярилцлаа.
-Хялганат тосгон зарим сумаас илүү хүн амтай, төвлөрсөн суурин. Үүнийг дагаад төрийн байгууллага олон байдаг байх.
-Хялганат тосгон 1972 онд мод боловсруулах үйлдвэрийн чиглэлээр суурь нь тавигдсан. Засаг захиргааны нэгжийн хувьд 1975 онд байгуулагдсан тосгон юм. Одоогоор 3200 хүн амтай. 18700 мал сүрэгтэй. Модны чиглэлийн үйлдвэр бий. Мөн байгалийн болон хүнсний чиглэлийн үйлдвэр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Төр, төсвийн байгууллага олонтой бусад сумаас илүү орон тоо бүтэцтэй.
Сургууль, цэцэрлэг, соёлын төв, цагдаа зэрэг байгууллагаас гадна онцгой байдал, Зэвсэгт хүчний анги байдаг. Сум дундын ой анги үйл ажиллагаа явуулдаг. Ийм төсвийн байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ хүргэж байна.
-Танай тосгоны хувьд өнгөрсөн онд хөрөнгө оруулалт нэлээд хийгдсэн гэж дүгнэж байсан. Энэ талаар тодруулбал?
-Өнгөрсөн он бол Хялганат тосгоны хувьд их бүтээн байгуулалтын жил байлаа. Спорт цогцолборын барилгыг улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад орууллаа. Булган аймгийн хөрөнгө оруулалтаар усны даралтат цамхаг, цэвэр усны шугамын шинэчлэл хийгдлээ. Мөн биологийн цэвэрлэх байгууламж 200,0 сая төгрөгийн өртөгөөр барилаа. Мөн улсын төсвийн 630 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шугам, уурын зуухны өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч ашиглалтад орлоо. Мөн цахилгаан эрчим хүчний шинэчлэл хийгдэж, кабель утас тавьж, шонг бетон тулгууртай болголоо.
-Нийгмийн салбарт гаргасан томоохон ололтыг дурдвал?
-Бүрэн дунд сургууль “Сайхан хульж” олимпийн танхим байгуулж, Үндэсний оломпийн хорооны дээд шагнал “Бөртэ чоно” хүртлээ.
Хялганат тосгоны түүхийн тухай “Үлгэрийн Хялганат тосгон” баримтат киног “Эко” телевизтэй хамтран бүтээлээ.
Манай тосгонд “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит кино бүтээхэд иргэд, аж ахуйн нэгжүүд оролцлоо.
-Тосгоны хувьд ирээдүйг хэрхэн төлөвлөж байна вэ?
-Цаашдаа манай хамт олон хотожсон тосгон болж, Булган аймгийн зүүн хойд бүсийн хөгжлийн төв болохыг зорьж байна. Тосгоны Захирагчийн алба “Иргэдээ дээдэлсэн төрийн захиргааны мэргэшсэн, чадварлаг, бүтээлч байгууллага болно” гэж эрхэм зорилгоо тодорхойлсон.
2018 оныг “Хотожсон тосгон Хялганат” гэсэн бодлогын баримт бичиг боловсруулан ажиллаж байна.
Энэ зоритын хүрээнд хүрээнд хүний нөөцийн бодлого, Хялганат тосгоны хамтын ажиллагааны бодлого, үйлдвэржүүлэлт, өрхийн аж ахуй эрхлэлтийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгээ боловсруулан ажиллаж байгаа.
Хялганат тосгоны хөгжлийн гол зангилаа нь эдийн засгийн асуудал. Гол үндсэн үйлдвэрлэл ой модны аж ахуй байсан. Өнөөгийн байдлаар мод боловсруулах чиглэл рүү түлхүү анхаарч, хаягдал бүтээгдэхүүн, ойн цэвэрлэгээниий ажлыг хийж түүгээрээ шахмал түлш үйлдвэрдэж байна. Цаашдаа шахмал хавтан, тавилга үйлдвэрлэх чиглэл рүү хандаж байна.
Ихэнх мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд эрх зүйн орчин болоод үйлдвэрлэлийн чиглэлээсээ хамаараад татан буугдсан. Үүний оронд байгальд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү аж ахуйн нэгжийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Үүний нэг жишээ нь тахиа, үхрийн фермерийн аж ахуй байна. Дээр нь зөгийн аж ахуй эрхэлж, зөгийн бал хураах, зөгийн балаар хүнсний, эмчилгээний болон гоо сайхны зориулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж байна.
Байгалийн баялаг ашиглаад цай, жимс, жүүс, ундаа, чанамал үйлдвэрлэж байна. Мал аж ахуйн сүү сүүн бүтээдэхүүн борлуулах, боловсруулах хөргөлтийн төвтэй болсон. Дээр нь мах махан бүтээгдэхүүн пакеталж зах зээлд нийлүүлж байна.
-Булган аймагт чацаргана хөтөлбөр хэрэгжүүлж байна. Танай тосгон бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох тухай яриа байсан?
-Чацаргана хатааж гадаад зах зээлд борлуулах сүлжээгээ эхлүүлсэн. Жимс хатаадаг технолгийг нэвтрүүлээд байгаа. Японд хатаасан чацаргана борлуулах эрхийг аваад байна.
-Төвлөрсөн суурин газрын хувьд үйлдвэржүүлэх бодлого баримталж байна гэж ярьж байсан. Энэ бодлогоо товч тайлбарлавал?
-Гурван тулгуур чиглэлд энэ бодлого байна. Байгалийн дагалдах бүтээгдэхүүн ойн сангаа ашиглах чиглэлээр хөгжинө. Хоёрдох чиглэл нь орон нутагт байгаа барилгын түүхий эдийг ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх болно.
Мал аж ахуйгаа түшиглэн түүхий эдийг боловсруулах чиглэл баримтална.
М.Батжаргал
Холбоотой мэдээ