Улсын хэмжээнд аж үйлдвэрийн нэгдсэн тооллого эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-19 18:32:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-г байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд  ЗГХЭГ-ын даргын тушаалаар аж үйлдвэрийн нэгдсэн тооллого хийж цахим сан бүрдүүлж байна.

ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газраас тус тооллогыг зохион байгуулж буй бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийг бүртгэлжүүлснээр үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэлийн хэмжээ, ажилчдын тоо, хөрөнгө оруулалт гэх мэт олон мэдээллийг тодорхой болгож чадах юм. Нэгдсэн сүлжээ бий болгож бараа эргэлт, тээвэрлэлт үйлдвэрлэлтийг сайжруулан, энэ чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Энэ хүрээнд ЗГХЭГ-аас шинээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй болон бүртгүүлсэн ч хараахан үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа аж ахуйн нэгжүүдээ цаг үеийн мэдээллээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаад байгаа юм. Мөн орон нутгийн онцлог, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хангалт, зах зээлээ бүх талаас нь судалсны үндсэн дээр шинээр үйлдвэрлэл эрхлэх хүсэлт гаргаж байгаа иргэдээ дэмжиж ажиллахыг чиглэл болгожээ.

Манай улс энэ онд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд 98 орчим тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ