Умард Солонгосын удирдагчийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгнө гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-19 17:38:19
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг Олон улсын эрүүгийн шүүхэд өгөхөөр тус улсад хулгайлагдсан япончуудын ар гэрийнхэн ирэх долоо хоногт Нидерланд улсын Гааг хот руу  явахаар төлөвлөж байна гэж “Киодо” агентлаг мэдээлэв.
 
Умард Солонгосын удирдагч хулгайлагдсан япончуудын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэхгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаатай адил гэж тэд үзсэний улмаас ийм шийдвэрт хүрсэн байна.
 
Энэ тухай Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдэхдээ “Энэ санаачлагын талаар манай улсын Засгийн газар мэдэж байгаа. Хулгайлагдсан ард иргэдээ эх оронд нь эргүүлэн авчрахын тулд засгийн газар чадах бүхнээ хийсээр байх болно” гэжээ.

Умард Солонгос болон Япон улсын харилцаанд хамгийн их сэв суулгасан асуудлуудын нэг нь 1970-аад оны үед Умард Солонгосын тагнуулчид Японы иргэдийг хулгайлсан явдал юм. Умард Солонгосын тал япончуудыг хулгайлсан гэдгээ няцаасаар ирсэн ч  Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь нутаг буцаасан юм.
 
2014 оны тавдугаар сард Япон болон Умард Солонгосын Засгийн газар хулгайлагдсан иргэдийн асуудлыг хамтран шалгахаар тохиролцож, тусгай хороо байгуулжээ. Гэсэн ч Умард Солонгос баллистик пуужин харвасны хариуд Японы эрх баригчид Умард Солонгосын эсрэг дангаар хориг арга хэмжээ нэмж авснаар тус хороог тараах болсноо Умард Солонгосын эрх баригчид албан ёсоор зарлаж байв.  
 
Умард Солонгост хулгайлагдсан япончууд амьд, Пхеньяны гарт байгаа хэмээн тус улсаас оргон зугтсан хүмүүс нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэж, иргэдээ эх оронд нь эргүүлэн авчрах нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг юм хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ. 
 
Э. Аянзаяа  
Холбоотой мэдээ