НҮБ-д бэлгийн хүчирхийлэл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-19 16:52:48
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. НҮБ-ын зарим ажилтнуудын зохисгүй зан байдлын талаарх асуудлыг тус байгууллагын удирдлага мэддэг төдийгүй, энэ асуудалд нүдээ аниад өнгөрдөггүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ. НҮБ-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэний төлөө шийтгэл хүлээхгүй өнгөрөх явдал даамжирч байна гэж тэрбээр “The Guardian” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.
 
“Бэлгийн хүчирхийллийн асуудалд холбогдож байсан олон нийтийн эсвэл хувийн байгууллагаас НҮБ ялгаатай гэж хэн ч боддоггүй. Үүнтэй холбоотой мэдээллийг хүлээн авдаггүйтэй холбоотой байж болох юм. НҮБ-д иймэрхүү хэрэг болоход бид нүдээ аниад өнгөрдөггүй. Харамсалтай  нь иймэрхүү зүйл хаа сайгүй болж байна” гэж тэрбээр мэдэгсэн байна.

Дэлхий даяарх НҮБ-ын албан газруудад бэлгийн хүчирхийлэл гарах тохиолдол байдаг нь батлагдлаа. Гэсэн хэдий ч НҮБ-ын удирдлага энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгаа бөгөөд иймэрхүү хэргийг шийтгэлгүй өнгөрөөж байна гэж “The Guardian” сонин өнгөрсөн пүрэв гарагт мэдээлж байсан юм. Энэ тухай материалд нэрээ дурдаагүй нэгэн ажилтан халагдахаасаа эмээсэн учир бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээллийг өгөхөөсөө айж байснаа мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд энгийн иргэд тэр дундаа Африкийн улсуудын ард иргэдэд бэлгийн дарамт, шахалт үзүүлсэн энхийг сахиулагчид болон энгийн ажилтнуудын эсрэг олон тооны гомдлыг НҮБ хүлээн авсан. 2016 онд гэхэд л тус байгууллагын ажилтнуудтай холбоотой хандсан 106 гомдол хүлээн авсны 50 хувь нь Төв Африкийн улсуудад болсон хэргүүд байсан аж. Урьд өмнө гарч байгаагүй тохиолдлууд, түүнчлэн хууль сахиулагчид болон олон нийтийн хэвлэл мэдээллийн зүгээс НҮБ-д үзүүлж байсан шахалтууд нь тус байгууллагын удирдлагыг иймэрхүү гэмт хэргүүдийг таслан зогсоох арга замаа даруй эргэн харахад хүргэсэн юм. 2017 оны гуравдугаар сард НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тус байгууллагын энхийг сахиулагчид болон энгийн ажилтнуудын зүгээс үзүүлж буй бэлгийн дарамт шахалт, хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүдийг таслан зогсоох, түүнчлэн хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай шинэ стратегийг танилцуулсан байна.
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ