Улаанбаатар руу 500 хүн шилжиж, 660 гаруй хүн шилжиж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-17 20:31:55
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймгийн хүн ам 2017 онд 1773 хүнээр нэмэгдэж, нийт 115684 иргэнтэй болжээ. Нийт хүн амын 30.2 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 65.4 хувийг 15-64 хүртэлх насныхан, 4.4 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байна. Нийт хүн амын 49,8 хувь нь эрэгтэйчүүд, 50,2 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд хүйсийн харьцаагаар 100 эмэгтэйд ноогдох эрэгтэйчүүдийн харьцаа 99,1 юм.
Шинээр төрсөн 2505 хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэж, нас барсан 701 хүнийг иргэний бүртгэлээс хасч, 536 хос гэрлэлтээ бүртгүүлж, 54 гэр бүлийн гэрлэлтийг цуцалж, 75 хүүхэд үрчлэгджээ. 2017 онд 968 хүн шилжиж явснаас 77,8 хувь буюу 505 нь Улаанбаатар хот руу шилжсэн бол 1078 хүн Өвөрхангай аймагт шилжин ирсний 62 хувь буюу 669 хүн Улаанбаатар хотоос, 38 хувь буюу 409 хүн бусад аймгуудаас шилжин ирсэн байна.
Аймгийн нийт өрх 34150 болж, өнгөрсөн оноос 610 өрхөөр нэмэгдсэн ба нийт өрхийн 24,6 хувь нь аймгийн төвд, 30,8 хувь нь сумын төвд, 44,6 хувь нь хөдөөд суурьшсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй 3870 хүн байгаагийн 42,7 хувь нь эмэгтэй хүн юм. Мөн 105 хүүхэд бүтэн өнчин, 1668 нь хагас өнчин хүүхдүүд байна. Аймгийн хэмжээнд 3730 эмэгтэй өрх толгойлдог аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ