Агаарын бохирдлын ажлын хэсэг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-16 09:39:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах болжээ.

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу УИХ-ын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцаж, санал сонсож байгаа юм.

Дээрх удирдамжийн дагуу өнгөрөгч бямба гарагт Баянзүрх дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах юм байна. Гишүүд "Шинэ шийдэл" төсөл хэрэгжүүлэх газар болон иргэдтэй уулзаж, өөрийн хөрөнгөөр цахилгаан халаагуураар монгол гэрийнхээ дулаанаа шийдвэрлэсэн болон Нүүдэлчин зуухыг ашиглаж буй өрх, "Дулаалгын аян" төсөлд хамрагдаж байшин сууцаа дулаалсан өрхтэй танилцах аж. Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, 100кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбосон төсөл, "Монгол Базальт" ХК, МСРТ ХХК-ний боловсруулсан түлшний үйлдвэр, 38-р цэцэрлэгт хэрэгжсэн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан, дулаан алдагдлыг бууруулж дулаалга хийсэн төсөлтэй танилцах юм байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ