Б.Отгонцэцэг: Тулааны спорт тэсвэр хатуужилтай болгодог

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 17:03:35

Хэдхэн хоногийн өмнө Болгар улсын Пловдив хотноо болсон Олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах XIX тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, ганзага дүүрэн ирсэн билээ.  

Тэдний нэг дэлхийн аваргын алтан медаль энгэртээ зүүж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасан  Олон улсын хэмжээний мастер, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт шинэхэн аварга Бямбаагийн Отгонцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Завхан аймгийн Отгон сумын харъяат Монол даатгал ХХК-ийн Завхан салбарын даатгалын төлөөлөгч бүсгүй юм.

-Сайн байна уу. Шинэхэн аваргадаа баяр хүргэе. Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Баярлалаа. Би Завхан аймгийн Отгон сумд 1991 онд төрсөн. МУИС – ийн Завхан сургуулийг  Маркетингийн менежер мэргэжлээр 2013 онд төгссөн.

-Тэмцээний сонин сайханаас хуваалцаач?

-Болгар улсын нийслэл Пловди хотод 81 оны 800 гаруй тамирчид энэ тэмцээнд оролцсон. Манай орны хувьд 18 тамирчин дасгалжуулагчийнхаа хамтаар, хоёр олон улсын шүүгч гээд бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэмцээн маш сайхан өргөн цар хүрээтэй болсон.

-Өрсөлдөгчид хүчтэй байв уу?

-Тэмцээнд оролцсон улс орнуудын шилдэгүүд ирсэн учир өрсөлдөгч болгон хүчтэй чанга байлаа. Гэхдээ бэлтгэл сайн байсан учраас өөртөө итгэлтэй байлаа.

-Яагаад таеквондогийн  спортоор хичээллэх болов?

-Би багаасаа л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэр маань энэ спортыг сонирхоход нөлөөлсөн байхаа. 2010 оноос эхлээд таван жил болж байна. Завхан аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Олон улсын Таеквондогийн Цэцэн клубт  ОУХ – ний мастер 2015 оны Дэлхийн аваргын алтан медальт Сандагдоржийн Будхүү багшийнхаа удирдлаган дор хичээллэж байна.

-Өдрийн хэдэн цаг бэлтгэлтэй байдаг вэ?

-Өдөрт хоёроос гурван цаг бэлтгэл хийдэг. Би ер нь зав зай л гарвал бараг өдөр болгон л бэлтгэлээ хийдэг. Амралтын өдөр ч хийдэг. Тэмцээний бэлтгэл эхэлсэн үед 7 хоногт гурваас дөрвөн цагаар бэлтгэлийг эрчимтэй хийдэг шүү.

-Эрч хүчний спортоор хичээллэдэг хүн энэ их эрч хүчийг хаанаас авдаг вэ?

-Миний хувьд хөдөөний бүр сумын хүүхэд шүү дээ. Отгонтэнгэр хайрханыхаа бэлд нь төрж өссөн болохоор хайрхан ууландаа л мөргөж залбирч, хөдөөнийхөө агаар салхинаас, ус рашаанаас нь бас энэ спортод хөтөлж оруулан өдий зэрэгтэй авч яваа багшаасаа, хайртай аав ээж  гэр бүлээсээ,  эрч хүчийг авдаг даа.

-Тулааны  урлагаар  хичээллэсний  давуу  тал нь юу вэ? Шантрах үе гарч байв уу?

-Миний бодлоор энэ спорт хувь хүний хүмүүжилд их нөлөөлдөг юм шиг санагддаг. Энэ нь л энэ спортын давуу тал байх. Миний хувьд  энэ спортоор хичээллэснээр өөрийн гэсэн тууштай зорилготой болж хэзээ ч биеэ зөв авч явж, тэсвэр хатуужилтай, зоригтой, тэвчээртэй болсон. Мөн энэ бүхэн нь амьдралд минь нөлөөлдөг  гэх үү дээ. Бэлтгэлийн үед  шантрах үе гаралгүй яахав. Гэхдээ тэр үеийг давах л хэрэгтэй. Ийм үед би дуу сонсож  ялангуяа нутаг орныхоо тухай дуу сонсох дуртай. 

-Хааяа амьдрал дээр энэ спортыг хэрэглэх үе гарч байв уу? /биеэ хамгаалах зорилгоор зодолдох гэх мэт /

-Яг үнэнийг хэлэхэд амьдрал дээр хэрэглэж байгаагүй юм байна. Бид чинь хөдөө орон нутагт байдаг болоод ч тэр үү тайван амгалан амьдарч байна. Гэхдээ энэ спортоор хичээллэж байгаа хүн тэмцээнээс бусад үед техникээ ашиглах хүн зодох гэх мэт нь хориотой байдаг юм.

-Спортын хүн таны бодлоор ямар байх ёстой юм бол?

-Юун түрүүн ёс суртахууны хувьд өндөр байх ёстой бусдыг хүндэтгэдэг, тэсвэр хатуужилтай, тэвчээртэй байх ёстой.

-Залуу эмэгтэй хүний хувьд энэ спорт  танд яг юу өгсөн бэ?

-Эмэгтэй хүний хувьд гэвэл тэсвэр хатуужил. Энэ спорт надад дээр хэлсэнчлэн зорилго, хувь хүний хүмүүжил өгсөн. Тийм болохоор л би таван жилийн турш энэ спортоор хичээллэж Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангасан. Улсын аваргын алт, мөнгө, хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медаль, Дэлхийн аваргын 19 дэх удаагийн тэмцээнээс  алтан медаль авлаа.  Ийм олон амжилтуудыг надад өгсөн сайхан спорт доо.

-Таны ирээдүйн зорилго?

-Дэлхийн аваргын алтан медалиа бататгах.  Азийн аваргаас авсан мөнгө, хүрэл медалиа алтан медаль болгох бас хүүхдүүдэд энэ спортыг зааж сургаж олон шавьтай болох зорилготой явдаг.

-Хөдөө орон нутагт энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл гардаг уу?

-Өөрийн төрсөн нутаг орондоо дуртай спортоороо хичээллэж байгаа минь давуу тал болдог. Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл гардаггүй. Клубын маань заал сайхан бэлтгэл сургууль хийхэд хэрэгцээтэй бүх зүйл байдаг. Хангалт их сайн.

-Тулааны спортын хүн мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Би мэргэжлээрээ одоохондоо ажиллаагүй байгаа. Тулааны спортоороо хичээллээд л явж байна. Харин бэлтгэлийнхээ хажуугаар Монгол даатгал ХХК–ийн Завхан салбарт Даатгалын төлөөлөгч хийдэг.                                                                                   

-Монгол даатгал ХХК–д даатгалын төлөөлөгчөөр хэзээнээс ажиллаж эхэлсэн, яагаад даатгалын зах зээлийг сонгох болсон бэ?

-Оюутан байхдаа Монгол Даатгал ХХК – ийн Завхан салбарт дадлага хийж байсан тэр үед Монгол даатгалынхан маань элэгсэг дотно хүлээж авч надад бүх зүйл дээр сайн зааж сургасан.  Тэгээд л даатгалын зах зээлийг сонирхож эхэлсэн. Тэгээд ч Монгол даатал ХХК бол даатгалын зах зээлийн анхдагч нь бас тэргүүлэгч нь шүү дээ. Би цаашдаа Монгол даатгалтайгаа хамт байх болно. Энэ дашрамд хэлэхэд намайг Дэлийн аварга болсонд Монгол даатгалаас мөнгөн шагналаар  урамшуулсан. Монгол даатгал ХХК–ийнхаа хамт олондоо болон Завхан салбарын Ц.Чанцаа захиралтай хамт олондоо талархсанаа илэрхийлье!

Мөн тэмцээнд явахад минь санхүүгийн тодорхой хэмжээний туслалцаа үзүүлсэн Завхан аймгийн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Энхболд, Отгон сумын нутгийн зөвлөл, Завхан аймгийн Биеийн тамир спортын газар, Монгол даатгалын хамт олндоо болон гэр бүлийнхэндээ хамаатан садан, найз нөхөддөө үргэлж дэмжиж туслаж байдагт нь баярлаж байдагаа илэрхийлье. Та нарынхаа тус дэмээр тэмцээн уралдаандаа амжилт үзүүлээд ирлээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ