Монголын циркчид Будапештээс "Алтан цом" хүртжээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-15 14:59:44

Унгар улсын Будапешт хотноо уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын циркийн жүжигчдийн 12 дахь удаагийн тэмцээн  энэ сарын 8 – 14 өдрүүдэд болж дүнгээ гаргалаа. Нийт 20 орны 168 жүжигчин оролцсон уг тэмцээнд Монголын Үндэсний Циркийн Т.Номуунбаатар ахлагчтай  жүжигчид  шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээрээ хамгийн өндөр оноог авч Алтан цомын эзэд боллоо.

Монгол улсад акробат үсрэлтийн төрлөөр анхны Алтан цомыг 2012 онд Монголын Үндэсний Циркийн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр авч байсан бөгөөд түүнээс хойш тэдний авч ирсэн олон олон алт мөнгөн цомын буухиаг ийнхүү амжилттай үргэлжлүүлсээр байна.

Монголын Үндэсний Циркийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс сүүлийн 3 жилийн дотор 1 Мөнгөн цом, 6 Алтан цом, 2 Гран При эх орондоо авчираад байна.

Алтан цомын эзэд маань маргааш буюу 1-р сарын 16-ны өдөр эх орондоо газардана.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд