Мэргэжил судлах аяныг гурав дахь жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-11 23:33:10

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчид Политехникийн сургууль, СУИС-ийн Хөгжим бүжгийн сургууль, МУИС-ийн харъяа Завхан сургуулиудтай танилцах, мэргэжлийн чиг баримжааны талаарх мэдлэгтэй болох, туршлага судлах арга хэмжээ ирэх сард эхлэх гэж байна.
Энэхүү үйл ажиллагааны үеэр сургууль бүрээс 30 хүүхэд нийт 150 орчим хүүхэд 25 нийгмийн ажилтан, багш нар мэргэжил судлах аянд оролцох юм байна. Энэ үеэр хүүхдүүд болон багш нар дээрх сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж мэргэжлийн онцлог, сургалтын талаарх мэдээлэл авахаас гадна багш сурагчид туршлага судлах ажээ. Аяллын багийнхан нэг сургуультай нэг өдөр танилцах бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд сургууль бүр дээр өөрсдийн сонирхлын дагуу нэг өдөр хичээллэх юм байна. Тухайлбал Политехникийн сургууль дээр үсчин, гоо сайхан, тогооч, нарийн боов, оёдлын, мужаан, гагнуурын ангиудын хүүхдүүдтэй хамт нэг өдөр суралцаж мэргэжлийн онцлогтой танилцах юм. Мөн Хөгжим бүжгийн сургуулийн хөгжим болон, зургийн, бүжгийн ангиудын сурагч үе тэнгийнхнийхээ мэргэжлийн онцлогтой танилцах ажээ.
Энэхүү үйл ажиллагаа гурав дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд өөрсдийн амьдралд чухал, ямар мэргэжлийг сонгон суралцах сонголтоо хийхэд нь чухал үйл ажиллагаа болдог тухай багш нар хэллээ. Хүүхдүүд танилцах хичээлд дөрвөн цаг суудаг бөгөөд мэргэжлийн амтыг сайн мэдэрч сурах чадвар ч бусдаас илүү болдог хэмээв. Мэргэжил сонголтоо ч зөв хийдэг гэлээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ