Бага насны хоёр хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-10 13:59:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Он гарсаар бага насны хоёр хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Нэгдүгээр сарын 2, 3-ны болон 7,8-ны шилжих шөнө 6 сартай, 2 настай хүүхдүүд гэртээ нас барсны дараа эцэг, эх нь эмнэлгийн түргэн тусламж дуудсан байх бөгөөд ханиад нь хүндэрч, халуурч байсан хэмээн мэдэгдэж байгаа юм.
Энэ талаар БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Б.Мөнхнасангаас тодруулахад “Юунаас шалтгаалж нас барсныг бид мэдэхгүй, Шүүх эмнэлэг тогтооно. Хэрвээ томуу хүндэрснээс шалтгаалсан бол урд өмнө нь эмнэлгийн байгууллагад хандаагүй, тусламж аваагүй юм билээ. Аль аль нь залуу эцэг, эхчүүд, тухайн хүүхдүүд нь анхны хүүхдүүд байсан учраас мэдлэг дутсан байж болзошгүй” гэсэн хариултыг өглөө.
Томуу, томуу төст өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд дэгдэлт хэлбэртэй байгаа тул хүүхдээ ханиад хүрч, халуурсан тохиолдолд нэн яаралтай эмнэлэгт хандахыг нийт иргэдэд зөвлөж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ