Хятадын барьцааны хүнийг хөнөөсөн эсэхийг нарийвчлан шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-19 12:59:36

БЭЭЖИН. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн барьцаанд байсан хятадын амийг хөнөөсөн байна гэх мэдээлэлд ихэд гайхаж байгаагаа БНХАУ илэрхийлээд, нарийвчлан шалгахаа мэдэгджээ.

"Уг мэдээллийг БНХАУ-ын тал сонсоод ихэд гайхлаа. Уг мэдээллийг нарийвчлан шалгана" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв.

Түүнийг барьцаалагдсан цагаас хойш БНХАУ-ын Засгийн газар суллахын төлөө чадах бүхнээ хийсэн гэж тэрбээр мэдэгджээ.

БНХАУ болон Норвегийн иргэнийг барьцаалсан гэж “Лалын улс” бүлэглэл есдүгээр сарын эхээр мэдэгдсэн байна. Тус бүлэглэлийн англи хэлээр гардаг “Dabiq” сэтгүүлд, барьцаалагдсан хоёр иргэний нэг нь БНХАУ-ын чөлөөт зөвлөх Фань Зинхуй, нөгөөх нь Норвегийн иргэн Оле Йохан Гримсгард-Офстад гэж тодорхойлсон байна.

Тэднийг хэзээ барьцаалсан тухай бүлэглэл тодорхой мэдээлээгүй ажээ.

Фанийн талаар өгсөн “Лалын улс”-ын мэдээлэл гадаадад сураггүй болсон Хятадын иргэний мэдээлэлтэй таарч байна гэж яам мэдэгдэлдээ дурдаад, гэм зэмгүй энгийн иргэдийг хүчирхийлэх явдлыг БНХАУ эрс эсэргүүцэж байна гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ