ЕХ-нд Африкаас 10 сая хүн дүрвэж ирэх аюул нүүрлээд байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-05 14:37:31
ПРАГА. /ТАСС/. Хэрвээ хилийн хамгаалалтаа бэхжүүлэхгүй бол Африкаас 10 сая хүн Европын Холбоо /ЕХ/ руу дүрвэж ирэх аюул нүүрлээд байна гэж Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан анхааруулжээ. 

ТАСС агентлагийн мэдээлснээр, М.Земан өчигдөр орой нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Хэрвээ ЕХ энэ хэвээрээ ярихаас өөр зүйл хийхгүй, хилийн хамгаалалтаа бэхжүүлэхгүй бол ойрын хэдэн жилийн дотор Африкаас 10 сая дүрвэгч давалгаалан орж ирнэ” хэмээн ярьсан байна. 

Тэрбээр цааш нь ярихдаа “Африк болон Ойрхи Дорнодын орнуудаас ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэх нь Европын ард түмний соёлд аюул занал учруулна. Тэдгээр дүрвэгчийн соёл нь Европын соёлтой зохицохгүй гэдгийг цагаачид  өөрсдөө ч мэдэж байгаа. Европын улсуудад ислам шашинтнуудын тоо нэмэгдсэн нь исламын хаалттай бүлгэмүүд бүрэлдэн бий болсон бүс нутгуудад гэмт хэрэг болон хүчирхийлэл газар авахад хүргэж байна” гэжээ. 

Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ