Шадар сайд Ө.Энхтүвшин: Ирэх онд Чөлөөт бүсийн ажлыг даруйхан эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-20 10:39:14
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-наас 19-нд Монгол Улсын  Их хурлын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин Дорноговь аймгийн  Замын-Үүд Сайншанд суманд албан томилолтоор ажилласан. Чөлөөт бүсэд шийдвэрлэх ямар асуудал байгаа талаар Шадар сайдаас тодрууллаа.

- Та Чөлөөт бүсийг байгуулах бүтээн байгуулалтай танилцлаа. Одоо  бодит  ажил болгохын тулд юуг анхаарч ажиллах ёстой вэ?
-Замын-Үүдийн  чөлөөт бүсийг нээх ажил их удаж байгаа. Уг нь Чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлал 1995 онд батлагдсан. Гэтэл 23 жил болж. Удалгүй хууль батлагдаж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж байсан. Гэтэл чөлөөт бүсээ байгуулаагүй олон жилийг үдсэн байна.Тийм учраас би Шадар сайдын хувьд яг ямар асуудал тулгараад байгаа, асуудал нь юундаа байгааг өөрийн биеэр Замын-Үүдэд ирж үзэж харлаа. Бүтээн байгуулалтын ажил чамлахааргүй хийгджээ. БНХАУ-ын талаас 50 гаруй сая доллар, Монголын талаас найм орчим сая гээд нийт 60 гаруй сая доллараар  усан хангамж, ариутгах татуурга, дулааны станц, цахилгаан хангамж, авто зам, холбоо зэрэг багц ажлын бүтээн байгуулалт хийгджээ. Заримыг нь Улсын комисс хүлээж авсан заримынх нь тохируулгын ажил хийгдэж байна.Үүнийг даруйхан хүлээж авч ирэх онд Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх хэрэгтэй.Учир нь баригдаад нэгээс хоёр жил болж байгаа энэ обьектууд эзэнгүй хэвээрээ байвал элэгдэж муудна, эвдэрнэ, тоногдож ч магадгүй. Барилга байгууламжуудыг Улсын комисс хүлээн авсаны дараа ашиглалтыг Замын-Үүдийн Чөлөөт бүс юм уу аль эсвэл орон нутаг хариуцах уу гэдгийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ.
-Хил дамнасан чөлөөт бүсийн асуудал яригдаж буй. Эрээн-Замын-Үүдийн чөлөөт бүсийг хооронд нь холбох тухай?
- Хил дамнасан чөлөөт бүсийн тухай БНХАУ-ын дарга Монголд айлчлахдаа ярьж байсан. Яриад байгаа боловч тодорхой ажил хийгээгүй өдий хүрчээ. Гэтэл 900 га газарт чөлөөт бүс байгуулна гэсэн байдаг. Хил хүртлээ 800-1000 метр зайтай. Харин үүнийг бүхэлд нь хил хүргэж өргөтгөх хувилбар, эсвэл хоолой гаргаж хоёр чөлөөт бүсийг холбоод хоёр улсын иргэд худалдаа арилжаа хийх боломжийг бүрдүүлэх. Хоолой байгуулах хувилбар нь илүү дөхөм байж болох талаар ярилцаж байна. Үүнийг Ажлыг хэсэг байгуулаад шийднэ.
-Чөлөөтийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн үйлдвэрлээд хуулийн дагуу татвар төлөхгүйгээр зах зээлд борлуулах учиртай. Гэтэл Монголын хууль эрх зүйн ойлгомжгүй байдлаас болж татвар төлөх болоод байгаа, мөн Засгийн газар хуулийн дагуу татваргүй барааны жагсаалт гаргах ёстой. Энэ жагсаалтад бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ оруулах хүсэлтэй байгаа талаар санал тавьсан?
- Чөлөөт бүсэд үйлдвэр, үйлчилгээ, зочид буудал зэрэг цөөнгүй салбарт бүтээн байгуулалт өрнүүлнэ. Одоогийн байдлаар барилгын хэв хашмал үйлдвэрлэдэг нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Анх  удаа байгуулагдсан нь сайн хэрэг. Нэгдүгээрт чөлөөт бүс ашиглалтад ороогүй,хоёрдугаарт манай хуулиудын зөрчил, гуравдугаарт төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо муу байгаа нь нөлөөлж байна. Хамгийн чухал нь үйлдвэрлэгчид Чөлөөт бүсийн хуулийн дагуу бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн байх учиртай. Харин татваргүй барааны жагсаалтыг Засгийн газар үзэж, судална. Үнэхээр хуулийн дагуу Чөлөөт бүсэд бүтээгдэхүүн үйлдвэрлээд нэмүү өртөг шингээж зах зээлд гаргаж байвал үүнийг татваргүй барааны жагсаалтад оруулахад тийм ч төвөгтэй биш байх.
-Чөлөөт бүсэд зориулан бүтээн байгуулсан дулааны станц, цэвэрлэх байгууламжийг одоог хүртэл ашиглаагүй гэж албаныхан хэлсэн. Учир нь хэрэглэгч байхгүй, зардлаа нөхөх боломжгүй гэдэг тайлбарыг  тавьсан?
-Дулааны станцын хувьд ихээхэн хүчин чадалтай байгууламж байна. Гурван тогоотой. Хоёр нь ажиллаж, нэг нь нөөцөнд байна гэсэн. Гэтэл одоохондоо хэрэглэгч байхгүйн улмаас ажиллаагүй. Хэрэглэгч нэмэх ёстой. Чөлөөт бүсийг нээгээд ашиглалтад оруулбал хөрөнгө оруулагчид нэмэгдэж хэрэглэгч гараад л ирнэ.  Бүр болохгүй бол эхний ээлжинд нэг зуух ажиллуулж болно.
-Чөлөөт бүсийг яг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Яг тэдэнд гээд хэлчихээр худлаа ярьсан болно. Засгийн газрын хойшлуулашгүй ажлын нэг нь энэ байх болно. Ирэх оны есдүгээр сараас өмнө ашиглалтад оруулж нээлтээ хийхийн төлөө Засгийн газар ажиллана.
Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ