Уул уурхай, байгаль орчныг хамгаалахад орон нутгийн эрх мэдлийг нэмэх нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-13 16:20:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар өргөтгөсөн хурал зохион байгууллаа. Хуралдаанд УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нар оролцож, мөн  аймгуудын удирдлагуудтай цахимаар холбогдов.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хурлыг нээж хэлсэн үгэндээ "Уул уурхайн нөхөн сэргээлтийг хийх зөвлөмжийг гаргасан. Ашигт малтмал ашигласны төлбөр хураамжийг орон нутагт үлдээдэг байх санал их явж байна. Төвлөрлийг сааруулах хүрээнд орон нутгийн эрх мэдлийг уул уурхай, байгаль орчныг хамгаалахад нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж байгаль орчноо хамгаалж, эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх асуудал үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Энэ талаар хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сард өргөн мэдүүлнэ" гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх асуудал чухал. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хүн,амьтан тэр орчинд амьдрах боломжгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 хорооны Туул голын орчим карьерын үйл ажиллагаа явуулснаас хүн,амьтан зорчих боломжгүй болсон. Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж, нөхөн сэргээлтийг хийх ёстой.  Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй" хэмээлээ.

2016 онд уул уурхайн зориулалтаар 27068 га талбай эвдрэлд орсон бөгөөд үүнээс 12375 га-д техникийн нөхөн сэргээлт, 7425 га-д биологийн нөхөн сэргээлтийн арга хэмжээ авсан байна. 2017 онд найман аймгийн 20 гаруй суманд шалгалт явуулж, 30 аж ахуй нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, 80 гаруй хууль бус алт олборлогчийг шалгасан байна. Шалгалтын дүнд хууль бусаар алт олборлогчдыг албадан буулгах үүрэг өгсөн байна. Ингээд 22 аж ахуй нэгж, 28 нөхөрлөл, 23 иргэний үйл ажиллагааг зогсоож, 15 аж ахуй нэгж, найман иргэний асуудлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Нөхөн сэргээлтийн зардлыг буруутай этгээдээр гаргуулсан тохиолдол одоогоор байхгүй байна. Засгийн газраас эвдэрсэн газрын тооллого явуулж, 2018 онд хийж дуусгах үүргийг аймаг сумдад өгсөн байна. Ингэснээр мэдээллийн сан бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах боломж бүрдэх аж.

Өргөтгөсөн хуралдаан Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ