Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-12-08 19:03:06
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг “Олон улсын хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийн хүрээнд өнөөдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд 10 орчим иргэнд хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр өгч, иргэд, албан хаагчдын дунд хүний эрхтэй холбоотой АХА тэмцээнийг зохион байгуулав.

Төв аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн аймгийн салбар хорооноос тус өдрийг угтан өнгөрсөн сарын нэгнээс “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” нэг сарын аяныг өрнүүлжээ.

Аяны хүрээнд “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сэдэвт гар зураг, гэрэл зургийн уралдаан зохион байгуулж, тэргүүн байрт Зуунмод “Хүмүүн” цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч О.Сундуйжав, хоёрдугаар байрт Баянхангай сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч О.Маралжингоо нарын бүтээлүүд шалгарсан юм.

Мөн ЕБС болон МСҮТ-ийн суралцагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж, тэргүүн байрт Баянчандмань сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Халиун, дэд байрт Баянхангай сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Э.Гэрэлчимэг, гуравдугаар байрт Зуунмод Хүмүүн цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Н.Буянхишиг нар тус тус шалгарсан гэж Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн аймгийн салбар хорооноос мэдээлэв. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ