АНУ болон ОХУ-ын гадаад харилцааны сайд нар уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-08 14:34:26
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар Украины хямрал, Умард Солонгосыг тойрсон асуудал, Сирийн сөргөлдөөн болон бусад тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн тухай РИА Новости агентлаг мэдээлэв.

Хоёр улсын сайд нар пүрэв гарагт буюу өчигдөр Австрийн Вена хотод хэлэлцээ хийх үеэрээ "Умард Солонгосын эрх баригчид НҮБ-ын тогтоолыг баримтлах зайлшгүй шаардлагатай" гэдэг дээр санал нэгдсэн байна. С.Лавров Америкийн талд хандан "Умард Солонгос руу чиглэсэн түрэмгий үг хэллэгээс зайлсхийж, тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг зөвхөн дипломат арга замаар шийдвэрлэх"-ийг уриалжээ.

Мөн Украины асуудалтай холбоотойгоор ОХУ болон АНУ багагүй санал зөрөлдөөнтэй байгааг С.Лавров хэлэлцээний үеэр дурдсан байна. Тэгвэл энэ асуудлын тухайд Р. Тиллерсон хэлэхдээ “ОХУ, АНУ-ын харилцаа илүү сайн, илүү эерэг байх нь чухал. Гэсэн хэдий ч Украины асуудал үүнд саад учруулж байна” гэжээ.

Харин Сирийн талаарх байр сууриа С.Лавров илэрхийлэхдээ “Ирээдүйд ямар замаар явахаа Сирийн ард түмэн өөрсдөө шийдэх эрхтэй” гэж хэлэхийн сацуу, Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг уриалсан байна.  

 С.Лавровтой хийсэн хэлэлцээгээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга дүгнэн ярихдаа “үр дүнтэй хэлэлцээ боллоо” гэжээ.
 
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ