Торгоор урласан монгол гоёо ба тансаглалын үр нөлөө

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-12-06 10:34:07

Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг "Torgo Haute Couture - 2018" загварын шоу “Мишээл экспо” төвд болсон юм.

Энэ жилийн шоугаар өдөр тутмын болон гоёлын хүрэм, авангард зэрэг таван коллекцийн шинэ загварыг танилцууллаа. 18 дахь жилдээ болж буй тус шоу нь жил бүр загварын ертөнцийн шилдэгүүдээр шинэ загваруудаа амилуулдаг учир нэлээдгүй онцлогтой болж өнгөрдөг билээ.

“Торго” загвар нь анх 2000 оны 10 дугаар сарын 29 -ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулснаас хойш уран хийц болон дахин давтагдашгүй загвараараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр байна.  Монгол түмний эрхэм гоёл болох үндэсний хувцасыг цаг үетэй нийцүүлэн, загвар технологийн шинэ түвшинд хүргэж мөн зөвхөн гар аргаар л нарийн урлах тэрхүү уламжлалт өвөрмөц ажилбаруудыг бүтээл бүртээ шингээн 18 жилийн турш захиалгат хувцасны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.

“Торго” загварын хамт олны хувьд нүүдэлчин соёлын үнэт өв, түүхэн улбааг бүтээл бүртээ хадгалж, монгол үндэсний онцлогийг өвлөн авч түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх замаар дэлхийд таниулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.



Монгол үндэсний хувцас нь өөртөө төрөл бүрийн бэлгэдлийг агуулсан хүндэтгэлтэй хувцас. Жилдээ ганц тохиодог цагаан сар, наадмаараа өмсч гангардаг үндэсний хувцас сүүлийн жилүүдэд өнгө загвар, хийц гүйцэтгэлийн тухайд улам боловсронгуй болж буйг хэлэх юун.

Дээлийн их бие торго яах аргагүй хамгийн чухал, эн тэргүүнд анхаарах ёстой зүйл. Тиймээс эхлээд торгоо зөв сонгох хэрэгтэй. Торго бол тансаг бүтээгдэхүүн. Түүний гайхамшиг нь өнгө, хээ, материалдаа байдаг. Тиймдээ ч сайн торго агшдаггүй, сунадаггүй, саа гялгар багатай даавуулаг байдаг. Нэг хэсэг хээ томтой торго моодонд орж байсан бол харин энэ жилийн торгоны сонголт цэнхэр, яагаан зэрэг өнгөн дээр тогтож буй аж. Учир нь байгалийн гэгээлэг өнгө таны энэ жилийн гоёо болох юм. 

БҮТЭЭГДЭХҮҮН БА ШИНЭ ҮЕ

Хувцас үйлдвэрлэлийн салбар нь дэлхийн олон тэрбум хүний өдөр тутмын болон бусад хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хөнгөн үйлдвэрлэлийн салбарын чухал нэгж гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ.



Хувцас загвар гэх ойлголтыг 19 дүгээр зуунд Чарльз Фредерик Ворт өөрийн урласан хувцсанд шошго хадсанаар эхлүүлжээ. Мөн өөрийн гаргасан хувцасны шинэ санааг “эскиз” болгон буулгаж, захиалагчаар сонгуулж, хувцас үйлдвэрлэх нь хэрэглэгчийн хүсэл сонирхолд илүү нийцэж байсан гэдэг. Улмаар олон хэрэглэгчийг өөртөө татаж ашигтай ажиллах боломж буйг мэдэрч “эскиз” дээр суурилсан захиалга авч, хувцас загварын анхны ордны эхлэл суурийг тавьсан түүхтэй.

Загварыг тухайн жил, улирлын чиг хандлагад үндэслэн дизайнер өөрийн бүтээлийг бий болгодог юм. Эдгээр загварын үзүүлбэр нь Парис, Милан, Лондон, Нью-Йорк, Токио хотуудад жилд хоёр удаа буюу хавар, зун гэсэн улирлаар өөр өөрийн онцлогтойгоор явагддаг. Хувцасны загварыг тансаг хэрэглээний буюу “Haute couture”, өргөн хэрэглээний “Pret-et-porter”, нийтэд зориулсан “Mass market” гэж ангилна. “Haute couture” буюу тансаг хэрэглээ, өндөр зэрэглэлийн хувцас гэсэн нэр томъёо 1950-аад оны үед хувцас загварт орж ирсэн бөгөөд онцгой хэрэглэгчдэд зориулсан зөвхөн ганц ширхэгээр хамгийн үнэтэй материал, чимэглэлийг ашиглан ихэвчлэн гар ажиллагааг голлон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хамаарна.



Тэгвэл "Torgo Haute Couture - 2018" гэх нэрнээс бид тансаг хэрэглээний хувцас загварын шоу гэдгийг тодорхой ойлгож болохоор байна.  Харин энэ тухай ярихаас өмнө бидэнд тодруулах нэг зүйл бий. Саяхныг хүртэл Монголын загварын чиг хандлага, дизайнеруудын зах зээл “Торго” салон, “Шилмэл загвар” зэрэг томоохон газруудын үйл ажиллагаагаар хязгаарлагддаг байсан. Харин сүүлийн жилүүдэд “Ariunaa Suri”, “Michel & Amazonka”, “O couture”, “Monalun”, “Atoz”, “Deer” зэрэг чадварлаг дизайнеруудын шинэ өнгө төрхтэй брэндүүдээр бүл нэмлээ. Энэ нь өрсөлдөгчдийн арми бий болсон гэхээс илүүтэй нийтийн хэрэгцээнээс дээгүүрт яригдах хувцас загварын “Haute couture” буюу дээд зэрэглэлийн бараа бий болоход чухал нөлөө үзүүлсэн юм. Бүтээгдэхүүний шинэ үе ингэж төрдөг билээ.

Сүүлийн жилүүдэд Монголын хувцас загварын хөгжил олны анхааралд ихээр өртөж, олон тооны шинэ дизайнер хүч төрөн гарч ирж өрсөлдөөн ширүүсч байна. Энэ нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн зах зээлийг нэмэгдүүлж байгааг илтгэнэ. Ялангуяа монголчууд эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэж, худалдан авалт хийж сурч байгаа нь загварын зах зээлд үзэгдэж буй шинэ соёл гэдгийг энд дурдах шаардлагатай.



ТАНСАГЛАЛ БА ЧУХАЛ СОНГОЛТЫН ҮР НӨЛӨӨ

Олон зуун жилийн түүх тансаг зэрэглэлийн загварын ертөнцөд дахин давтагдашгүй цоо шинэ байх, алхам бүртээ цоо шинийг эрэлхийлэх гэсэн ганцхан хууль үйлчилдэг. Үнэхээр та шилдэг нь боловч дахин цоо шинэ загварыг нээж чадахгүй бол энэ салбарт орших таны байр суурь үгүй болно.

"Torgo Haute Couture - 2018" –ын загварууд энэ ойлголтоос гажиж, өнгөцхөн төдий загваруудаар нүд хуураагүй нь харагдана. Орчин үед хүн бүхэн өөрсдийгөө “цорын ганц” болоод “шилдэг”-т тооцох болсон материалист өнгө аяс бүхий өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд сонголт маш чухал болсон.

18 жилийн түүхтэй “Торго Загвар” ХХК-ны хамт олон үндэсний гэх тодотголоо нэн түрүүнд хамгаалж, нүүдэлчин ахуйн онцлогийн шинэ үеийн загвартай хослуулж өгсөн нь  "Torgo Haute Couture - 2018" шоунаас тодхон харагдаж байв.

Монголын нэр нөлөө бүхий загвар өмсөгчид дизайнеруудын урласан бүтээлийг өмсч тайзнаа амилуулдаг тус шоунд “Мөнхийн залуу” тодотголтой Э.Одгэрэл, болон загвар өмсөгч Т.Батцэцэг, С.Төгс, С.Сарнай, Ю.Балжидмаа, Х.Бадамгэрэл зэрэг олон шилгүүд оролцож 2018 оны трэнд болох “Торго” салоны шинэхэн коллекциудыг үзэгчдэд хүргэлээ.



Мөнхүү шоуны үеэр МУУГЗ, “Харанга” хамтлагийн аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат болон поп дива, МУСТА С.Наран нар ая дуугаа өргөж, Монголын урлагт хийл хөгжмийг эгшиглүүлж, хийлийн аялгуун яруу сайхныг мэдрүүлж чадсан эмэгтэй хийлч Ч.Дэлгэрцэцэг яруу тансаг хийгээд оргилуун аяыг үзэгчдэд толилуулсан юм. Харин энэ бүхэн “тансаг хэрэглээний” гэх нэрийн дор зохиогдож буй шоуны өнгө аястай тун чиг зохицож байсныг нуух юун.

2018 оны “Торго” загварын трэндүүд ихэвчлэн усан цэнхэр, зөөлөн ягаан, хар саарал өнгийнх голложээ. Мөнхүү угалзан хээ, чимэглэлийн оронд уран нарийн зураас бүхий адуу, хангарьд, хар ирвэс, ургамлын дүрснүүдийг даашинз болоод эмэгтэй цамцны загварт тохируулан чимэглэж өгсөн нь “Haute Couture” буюу тансаг зэрэглэлийн гэх тодотголтойгоо яв цав зохицож өгчээ.



Торго, түүний хээ угалз нь ард түмний амьдрал, тэмцлийн явц дунд үүсч ирсэн монгол уран сэтгэлгээний өвөрмөц нэгэн гайхамшиг болохыг тайзанд амилуулж, эртний хатад, баатруудын өмсгөлийг санагдуулам “үндэсний тренд”-ээ ч тэд алдсангүй.

МИНИМАЛИСТ ДҮР

Дэлхийн алдартай загвар зохион бүтээгч Жиоржио Армани “Тийм, загвар хэдийгээр хэрэглэгчийн шаардлагад нийцэж байх ёстой ч бид бизнес эрхлэхдээ нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, нийгмийн хэрэгцээ мөн хүрээлэн буй орчны асуудлыг  хөндөн, олны анхаарлыг хандуулахыг хичээдэг” гэсэн буй.

Нэг бүтэн хувцаслалтад олон өнгө оруулахгүй, хэт их гоёл чимэглэл ашиглахгүй, хурц тод өнгийн бус харахад тун энгийн байх нь минималист загварын онцлог. Сүүлийн үед хүчтэй тренд болоод байгаа энэ хэв маягаар хувцаслахыг хүсэвч заримдаа хэрхэн тохируулахаа бид мэддэггүй.



Харин "Torgo Haute Couture - 2018" шоуны давуу тал нь “минималист” бүхий энгийн давуун цамц, даашинзуудыг энэ оны шинэ сонголт болгожээ. Мөнхүү түүн дээр сонгодог маягийн адуу, тогосны өд шиг хэлбэр бүхий хээ угалзнуудыг шигтгэж өгсөн нь яах аргагүй шинэ дүр төрх бий болгож чадсаныг харуулна.
Торгон цамц, бошинзыг орчин үеийн загварыг нь алдагдуулалгүйгээр үндэсний хэв маягтай хослуулан урласан нь оффист хүртэл өмсөх тохиромжтой ба минималист өнгө аясыг далдуур хадгалж чадсан нь нэн олзуурхууштай юм.

ДАРААГИЙН АЯЛАЛ

Эртний соёлт иргэншлээс өнөө үеийг хүртэл бүсгүйчүүдийн хувцасны хэв маяг нь дан ганц өөрсдийн дур сонирхол, хүсэл таашаалаас гадна улс төр, эдийн засаг, үндэсний ахуй уламжлал, ёс заншлаас шууд хамаарч ирсэн байдаг. Монгол орны эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн худалдан авагчдын тоо эрс цөөрсөн цаг үед худалдан авагчдын загварын ертөнц рүү эргүүлэн татах томоохон үүрэг стилист болоод зохион бүтээгчдэд ноогдсон нь мэдээж.

Гадаад, дотоодын зочид болон жуулчдад үндэстэн ястны уламжлалт болон орчин үеийн хэв загвартай, чамин хийцтэй торгоор урласан хувцасны үзүүлбэрийг Монгол ардын урлагийн тоглолттой хослуулан Монголын соёл урлагийг нэг дор танилцуулсан цогц шоу хөтөлбөрийг өөрийн байрандаа өдөр болгон тогтмол танилцуулдагаараа ч “Торго” загварын хамт олон үргэлж худалдан авагчдын сонирхлын төвд байдаг.  



Энэ онд ч мөн тэд худалдан авагчдынхаа сонирхолд нийцсэн минималист болон сонгодог, тансаг хэрэглээний хослол бүхий шинэ коллекцийн танилцуулгаа ийнхүү амжилттай эхлүүллээ.

Мэдээж Монголын загварын томоохон кампониуд цаг үргэлж ажиллах хүч, бэлтгэн нийлүүлэгч, хүрээлэн буй орчин зэрэг хүндхэн асуудлуудтай цаг ямагт тулгардаг байж таарна. Дэлхийн хэдэн арван триллион ам.долларын ашигтай ажилладаг компаниудад ч энэ асуудал тулгардаг. Тиймээс нэг хэвийн дүр төрх бүхий загварууд борлуулалт сайтай байж болох талтай ч нөгөөтэйгүүр загварын ертөнц ямагт залуу, дэвжин цэцэглэсэн бүтээлч сэтгэлгээг зохион бүтээгчдээс шаардаж байдаг. Тиймээс “Торго” загварын хамт олны дараагийн шийдэл, загварын ертөнцөд цоо шинэ төрх бий болгох цуцашгүй аялалыг харах л үлдлээ.


 

Гэрэл зургийг: Б.Чадраабал
Тоймч: Б.Алтанхуяг
 
 
 
 
Холбоотой мэдээ