“Хүүхэд хамгааллын олон улсын стандарт” ном уншигчдын гарт

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-17 16:08:22

Хүний эрхийн хуульч М.Ичинноровын “Хүүхэд хамгааллын Олон улсын стандарт” номын нээлт өнөөдөр боллоо.  

 Тус номд хүүхдийн хүчирхийллээс тэднийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хүүхэдтэй хамааралтай ажилладаг бүх байгууллагууд болон хууль тогтоогчид бодлого боловсруулагчид бүх түвшинд олон улсын хууль тогтоомжийн мэдлэг өгөх, хандлагыг өөрчлөх чиглэлийн тухай хөнджээ.

Нээлтийн  үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, "Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг чухал хууль хэлэлцэх үеэр энэ ном хэвлэгдэн гарч байгаа нь цаг үеэ оллоо. Энэ ном ирээдүйд улам үнэ цэнэтэй бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Аливаа улсын хөгжлийг сайхан байшин барьснаар  нь хэмждэггүй. Харин ирээдүйд үр хүүхдүүддээ байшин барих арга ухаан, улс орныг авч явах хөгжүүлэх чадварыг хэр зэрэг төвшинд авч ирэв гэдгээр тодорхойлдог. Монгол хүүхэд бүр айдсаас ангид, хүчирхийллээс хамгаалагдсан, хайрлагдсан тийм л нийгмийг томчууд бид бүтээх үүрэгтэй. Тэдний бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, бэлгийн бойжил, хөгжлийг бүрэн бүтэн байлгахын төлөө гар гараа барилцан зүтгэцгээе” гэв.

 Хүүхдийн хамгаалуулах эрхийг гэр бүл, нийгэм, хэвлэл мэдээлэл, сургууль, цэцэрлэгийн орчинд хангаж чадахгүй бол хүүхэд бие махбодь, сэтгэл санаа улмаар насан туршдаа аз жаргалыг мэдэрч чадахгүй амьдрах магадлал өндөр байдгийг судлаачид тогтоожээ.

Номын нээлтэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Хүүхдийг ивээх сан, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл оролцов.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ