Аймгийн эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-29 21:47:35
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах зорилт тавьж байгаа бөгөөд махны, дайвар бүтээгдэхүүний, арьс ширний, бордооны, ясны, гоёоны, борцны зэрэг 10 гаруй үйлдвэрийг байгуулж, зарим томоохон сумдыг үйлдвэрийн районтой болгохоор төлөвлөсөн байна.
Мөн орон нутгийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулах, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, зам харилцаа, тээврийн салбарыг шинэ шатанд хөгжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах, санхүү бизнесийн тогтолцоог сайжруулах найман чиглэлийн зорилтыг тавьж, хоёр үе шаттайгаар 2024 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Дээрх зорилтуудын хүрээнд гадаад, дотоод жуулчдын тоог 90 мянгад хүргэх, Баянтээг ХК-ийн нүүрсийг Улаанбаатар болон гадаад зах зээлд нийлүүлэх, зочид буудал, авто засвар, түргэн хоол, эмнэлгийн сүлжээ компаниудыг орон нутагт нэвтрүүлэх, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цагаандэл, Шивээхүрэнгийн боомт хүртэл засмал зам тавих ажлыг эхлүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг аймагт байгуулах гэхчлэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн эцсийн үр дүнд аймгийн эдийн засаг эрчимтэй хөгжиж, ажилгүйдэл буурна хэмээн үзэж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ