225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-29 13:25:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс, 225 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг гаалийн татвараас чөлөөлөхөөр оруулж ирсэн. Учир нь 2017 онд тариалангийн бүс нутгаар хур тунадас ороогүй, хэт халалттай байсан учраас авах ургацын хэмжээг бууруулж, ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 223 мянган тонн үр, тариа, үүнээс 216,2 мянган тонн улаанбуудай, 113,9 мянган тонн төмс, 75,8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч, гурил үйлдвэрлэгчид 120 мянган тонн буудай нийлүүлсэн юм. Мөн тариалан бүхий аж ахуй нэгж, иргэд 390 мянган га талбайд уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд 2018 онд тариалалтад 60 мянган орчим тонн үрийн буудай шаардагдах юм байна. Харин  өвс, тэжээлийн тухайд Монгол Улс жилд дунджаар 1,2-1,4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил 850 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвч дутагдах төлөвтэй байгаа юм.
Иймээс дээрх хуулийн төслүүдийг бэлтгэн УИХ-аар хэлэлцүүлж буй бөгөөд эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй. Улмаар хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.
Н.Туяа

Холбоотой мэдээ