Эд хөрөнгийн 1,3 сая орчим цаасан нотлох баримтыг цахимжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-28 13:09:27
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн цаасан суурьт нотлох баримтыг цахимжуулах ажлыг энэ сарын 4-нд эхлүүлжээ. Уг архивт нийт 18000 орчим нэгж хувийн хэрэг буюу 1,3 сая орчим цаасан нотлох баримтыг цахимжуулах юм байна. Өнөөдрийн байдлаар 6,8 хувьтай байна. Цахимжуулах ажлыг 3-6 сарын хугацаанд бүрэн хийж дуусгах гэнэ.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан баримтыг цахимжуулж, нэгдсэн мэдээллийн систем бий болсноор эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд зардал багатай, хүртээмжтэй хүргэх боломж нэмэгдэх ажээ. Цахимжуулах ажил нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн дэд хэсэг болох “13 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт бичгийг цахимжуулах төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа юм. 

Мөн төслийн хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Мэдээллийн технологийн газрын ажилтнууд болон баримт цахимжуулах төслийг хэрэгжүүлэгч “Эс Ти Экс Ситинет” ХХК хамтран эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ерөнхий ойлголт, эрх зүйн зохицуулалт, цахимжуулалтын болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн системийн талаарх сургалтыг цахимжуулалтын багийн гишүүд, улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудад зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ