Иргэний андгай өргөх ёслолд 300 гаруй залуус оролцлоо

ОРОН НУТАГТ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-26 11:34:52

Өмнөговь /МОНЦАМЭ/  Монголын залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 15 дахь жилдээ зохион байгуулж буй 16 нас хүрч байгаа залуусын Иргэний андгай өргөх ёслол өнөөдөр Өмнөговь аймагт боллоо.
Тус аймаг нь 63616 хүн амтай бөгөөд үүнээс 0-17 насны 22433 иргэн байгаа гэсэн тоон мэдээлэл байгаа юм. Тэдний төлөөлөл 320 залуус иргэний андгай өргөж, үнэмлэхээ гардан авлаа.

Энэ үеэр холбогдох байгууллагын төлөөлөл, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд ёслолд оролцож 16 настнуудад баяр хүргэж, амжилт хүссэн юм. Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх ёслолыг нээж хэлсэн үгэндээ "Мэдлэг авьяасаараа манлайлсан залуусын ирээдүй гэрэлтэй байна. Залуустаа аз жаргал эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөж, та бүхэн улс орноо хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин болно гэдэгт эргэлзэхгүй байна" гэж онцолсон юм. Мөн төр нийгмийн ахмад зүтгэлтэн Б.Зандраа "Амьдрах ухаанд суралцаж, зорилготой, тууштай, тэсвэр хатуужилтай байж амжилтад хүрнэ. Бусдаас хүлээж, горьдох хэрэггүй. Өөрийгөө өөрчил. Эх орны баялаг түүхээсээ суралцаж, ахмадаа хүндэтгэн, сурлага хөдөлмөртөө илүү их амжилт гаргаарай" гэж захилаа.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ