Баруун-Уртад 11 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-24 15:38:39
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын 11 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь Баруун-Урт сумын дөрөв, зургаа, есдүгээр багийн 150 хүүхдийг таван бүлэгт хүлээн авна. Хүүхдийн бүртгэл 100 хувь хийгдсэн ч эхний өдөр 40 гаруй хүүхэд иржээ. Цэцэрлэгийн нээлт ирэх долоо хоногт болно.

Хуучин барилгыг улс, орон нутгийн төвсийн 267 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, хүүхдийн цэцэрлэг болгосон нь энэ юм. Анги бүлгүүд, гал тогоо, сургалтын танхим, жижүүрийн өрөөнөөс гадна урлагийн заал, бялдаржуулах өрөөтэй.

“Манай цэцэрлэг Баруун-Урт сумын гурван багийн хүүхдийг авах ёстой. Гэхдээ одоогоор баг харгалзахгүй хүүхдүүдээ авч байна. Өрөө тасалгааны хувьд хүрэлцээтэй, харин анги танхимуудын тохижилт сайн хийгдээгүй байгаа. Ер нь цэцэрлэгийн тоглоом авах мөнгө төсөвт тусгагддаггүй. Цэцэрлэгүүд маань өөрсдийн хүч, нөөц бололцоогоор энэ ажлыг гүйцэтгэдэг. Бид ч гэсэн энэ жишгээр л ажиллана. Эхний ээлжинд 10 сая төгрөгийн тоглоом наадгайн төсөл боловсруулан Баруун-Урт сумын ЗДТГ-т өгөөд байна. Ямар ч байсан бид үйл ажиллагаагаа эхлүүллээ, харин тохижилтын ажил шат дараатайгаар үргэлжлэн хийгдэх болно” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч М.Энхсайхан хэллээ.
Цэцэрлэг ашиглалтад орсноор 22 хүн тогтмол ажлын байртай болж байна.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ