МАН-ын XXVIII Их хурал өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-23 19:39:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII Их хурал Улаанбаатар хотноо энэ сарын 20-ноос эхлэн хуралдаж, намын дарга, Бага хурлын гишүүдээ шинээр сонгон, дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан өнөөдөр хаалтаа хийлээ. 
Дөрвөн өдөр, дөрвөн шөнө хуралдсан Их хурлаар эхлээд МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулан баталсан. Ингэхдээ Бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 369 болгон нэмэгдүүлж, гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэх, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр тогтсон. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 29 болгон бууруулах зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг намын дүрэмдээ оруулж, баталсан юм. Мөн “Их хурлаас гаргах уриалга”, “Хичээн эрмэлзэх зүйл”, мөрийн хөтөлбөрийг төлөөлөгчдийн саналаар батлав. 

Улмаар хоёр дахь өдрөө МАН-ын шинэ даргыг сонгох санал хураалт явуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдсон юм. Харин өчигдөр буюу гурав дахь өдрөө МАН-ын Бага хурлын 369 төлөөлөгчийг сонгох, нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж, санал хураалтын дүнг Тооллогын коммис шөнө тоолон баталгаажуулав. Өнөөдөр буюу дөрөв дэх өдөр Тооллогын коммисын гаргасан дүнг үндэслэн Бага хурлын 369 гишүүнийг тогтоолоор баталснаар Бага хурал шинээр бүрдэн байгуулагдлаа. Ингэснээр МАН-ын XXVIII Их хурал хаалтаа хийж, намын шинэ дарга У.Хүрэлсүх үг хэлсэн юм. 



Тэрбээр "МАН түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн хурлаа хийж, өнөөдөр өндөрлөж байна. Энэ Их хурал намын түүхэнд тодоор бичигдэн үлдэх болно. Бид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо ярилцаж, цаашдын чиглэл, төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Олон зүйлд ойлголцлоо нэгтгэн, алдаа оноогоо олж харлаа. Цаашдаа маш эрч хүч, хариуцлагатай ажиллаж, сонгууль, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Намын дүрэмдээ бид тодотгол хийж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүллээ. Их хурал мөн маш их хариуцлага хүлээлгэж байна. МАН-ын дарга, шинэ Бага хурал, Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг, засаг захиргааны нэгжийн удирдлага бүр хоорондоо эвтэй байж, эвийн хүчээр намаа удирдан авч явах үүргийг өгч байна. Энэ үүрэг хариуцлагыг бид нэр төртэйгөөр биелүүлнэ" хэмээв. 

Үүгээр МАН-ын XXVIII Их хурал хаалтаа хийж, шинээр байгуулагдсан Бага хурлын гишүүд Анхдугаар чуулганаа хийх болов. Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг сонгох юм. Их хурал болон Бага хурлаас гарсан шийдвэрийг маргааш МАН-ын шинэ удирдлага хэвлэлийнхэнд танилцуулах юм байна. 

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ