“Санхүүгийн боловсрол” аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-19 17:17:03
Булган /МОНЦАМЭ/  “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкнаас санаачлан зохион байгуулж байгаа “Санхүүгийн боловсрол” аяны нээлт Булган аймагт боллоо.
Иргэдэд эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, санхүүтэй холбоотой аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олж авах, мэдээлэлдээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хувь хүний болон өрхийн санхүүтэй холбоотой зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд аяны үйл ажиллагаа чиглэж байгааг Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал С.Долгорсүрэн дурдлаа.
Аяны нээлтийн үеэр Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ахлах хянан шалгагч У.Мягмаржаргал “Санхүүгийн боловсрол”, Төрийн банкны Булган салбарын зээлийн ахлах мэргэжилтэн Х.Буянжаргал “Хуримтлалтай Монгол” сэдвээр мэдээлэл хийв.
Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд, Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдын дунд “Хуримтлалтай монгол” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан бөгөөд тус арга хэмжээний үеэр уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардуулав.
Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс нь “Санхүүгийн боловсрол” аяны хугацаанд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран санхүүгийн боловсролын үндсэн ойлголтуудын талаар олон нийтэд хандсан сургалт, уулзалтууд, уралдаан, тэмцээнийг зохион байгуулах юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ