Усны нөөцийг хянаж гүний усны нэгдсэн бодлогыг явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-11-16 16:00:12

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхайд болсон “Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний сүлжээ” арга хэмжээний нээлтэд оролцлоо.

Нээлтэнд үйл ажиллагаанд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Австрали улсаас манай улсад суугаа Ерөнхий консул Брандон Койне, Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын өрийн удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, “Шивээ-Овоо” ХК тэргүүн дэд захирал Ч.Мөнхбаатар, КПМ ХХК-ий гүйцэтгэх захирал н.Эрдэнэбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.

БОНХАЖЯ-ны захиалгаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих MINIS төсөл, Дэлхийн банкны 21 сая доллар, Австралийн засгийн газрын 4 сая долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийсэн говийн бүс нутгийн газрын гүний усыг хянах орчин үеийн тоног төхөөрөмжийг сүүлийн хоёр жилийн хугацаанд 99 цооног суурилуулжээ. Төсөл хэрэгжсэнээр говийн бүс нутгийн газрын доорх усны менежмент мэдээллийн бааз суурьтай болж усны нөөц, хөрсний өөрчлөлт, усны шилжилт, усны төвшингөө хянахын зэрэгцээ говийн бүсэд хамгийн ихээр эрчимтэй хөгжиж байгаа уул уурхай, эрчим хүч дагасан усны асуудлыг бүрэн хянах боломжтой болох юм. Газрын гүний усыг хянах төхөөрөөмжүүдийг 25 метрээс эхлүүлэн байгалийн тогтоц газар зүйн байрлалаас шалтгаалан 70 метр хүртэл гүнд байршуулсан бөгөөд эдгээр аппаратууд нь 7-14 хоног, сарын хугацаатайгаар мэдээллээ төв сервертээ шууд дамжуулах боломжтой.

БОНХАЖЯ говийн бүс нутгаа бүхэлд нь хамарсан газрын доорх усны хяналтаа бэхжүүлснээр цаашид Монгол орныхоо нийт нутгийн газрын доорх усны дээд болон доод бүхий л үет усны гадаргыг хянах сүлжээг бүрдүүлэх сууриа тавьж байгаа бөгөөд цаашид энэхүү төсөл нь үргэлжлэн хэрэгжих юм.

 

Холбоотой мэдээ