Орос хэлний багш нар Москвад суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-14 17:51:47
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2017” арга хэмжээний үеэр хангайн бүсийн аймгуудын багш, сурагчдын дунд орос хэл, соёлын арга хэмжээ Булган аймагт боллоо.
Тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв хамтран зохион байгуулсан арга хэмжээнд Булган, Хөвсгөл, Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 43 багш, 48 сурагч оролцож, орос хэлний олимпиад болон дуу, шүлгийн тэмцээнд хойд хөршийн эх хэлний мэдлэг, оюунаа сорьсон байна.
Булган аймгаас орос хэлний багш нарын олимпиадад амжилттай оролцож эхний байр эзэлсэн Д.Наранцэцэг, Д.Наваансүрэн, Б.Уянгабат нар ОХУ-ын Москва хотод нэг сарын хугацаатай мэрэгжил дээшлүүлэх сургалтад суух эрхийн бичгээр шагнуулсан байна. Мөн дууны тэмцээнд Булган сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн суралцагч н.Хулан, Б.Хүслэн, Спортын сургуулийн суралцагч Ц.Баяржаргал амжилттай оролцож байр эзэлжээ.
Орос хэл, соёлын арга хэмжээнд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, Монгол улсын гавъяат багш Д.Цогзолмаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбарын багш, хэл бичгийн ухааны доктор С.И.Зандаков нар оролцлоо. 
Мөн Орос-Монголын найрамдлын өдрүүд, ОХУ-д оюутан сургаж эхэлсний 95 жилийн ойд зориулж, тус улсад их дээд сургууль төгсөгчдийн судалгааг гаргаж, төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ. 
М.Батжаргал

Холбоотой мэдээ