Аймгийн чанарын шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-13 15:04:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсээс "Аймгийн чанарын шилдэг - 2017" ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, орон нутгийн чанарын шилдгүүдийг шалгаруулан өргөмжиллөө.
Тус байгууллага нь Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан 2007 оноос хойш 10 дахь жилдээ “Чанарын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”, Чанарын шилдэг үйлчилгээний байгууллага”, Чанарын шилдэг менежер” гэсэн төрлөөр чанарын шилдгүүдийг шалгаруулж байгаа юм. Энэ жилийн “Чанарын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр "Өв Анар" талх, нарийн боовны үйлдвэр, “Чанарын шилдэг үйлчилгээтэй байгууллага”-аар "Идэрийн ундраа" ШТС, “Чанарын шилдэг менежер”-ээр Хархорин сумын хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т.Ундармаа нар тус тус шалгарав.
“Идэрийн-Ундраа” ШТС нь 2006 оноос хойш тасралтгүй 12 жил шатахуун, тос тосолгооны материал борлуулах үйл ажиллагааг явуулж байна. Өнөөгийн байдлаар А-80, Аи-92 гэсэн хоёр нэр төрлийн авто бензин, дизель түлш, тос, тосолгооны материалаар хэрэглэгчдэд үйлчилж, жилд 350-400 сая төгрөгийн борлуулалтыг хийдэг аж. 2017 онд ШТС-ын засвар үйлчилгээнд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, “Шатахуун түгээх станц Техникийн ерөнхий шаардлага MNS 4628:2013 стандартын шаардлагыг ханган ажиллаж байна.
"Өв-Анар" талх нарийн боовны үйлдвэр нь 2009 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2017 онд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн гурван төрлийн талх, зургаан төрлийн нарийн боов үйлдвэрлэж, орон нутгийн иргэдийг амт чанар сайтай бүтээгдэхүүнээр хангаж байна. Тус үйлдвэр найман хүнийг ажлын байраар хангадаг аж.
Хархорин сумын хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т.Ундармаа нь төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажилд гар бие оролцон сум, орон нутгийн иргэдэд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа шилдэг менежер юм.
"Аймгийн чанарын шилдэг-2017" арга хэмжээний үеэр хүндэтгэлийн туг өргөх ёслол болж, шилдэг байгууллагуудын тугийг Монгол Улсын төрийн далбааны хамт өргөн мандуулсан бөгөөд шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээжээс танилцууллаа. Хэрэглэгчдийг чанар, аюулгүйн баталгаат бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах,  үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, орон нутгийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ чанар, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин болон бусад менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулалт хийлгэсэн аж ахуйн нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах зэрэг олон зорилгын дор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ