Д.Эрдэнэбат: ОУВС-гийн цалин царцаасан шаардлагыг эргэж харах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-13 11:37:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Эрдэнэбат мэдээлэл хийв. Тус бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх хуулиудаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Үүнд, Баялгийн тэгш хуваарилалтын тухай, Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай, Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан хувьсгалын ахмадуудад нөхөн төлбөр олгох тухай болон банк санхүүтэй холбоотой зэрэг 8 хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтжээ.
Үүний дараа 2016 оны сонгуулийн дараах нөхөн болон дахин сонгууль явуулах тухай АН-ын даргын мэдээллийг сонссон байна. Одоогийн байдлаар сумын ИТХ-ын 30, аймгийн ИТХ-ын 39 суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах шаардлага үүсээд байгаа тул АН-аас эдгээр суудлыг эзэнжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьт нэгджээ. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо 2018 оны төсөвт дахин болон нөхөн сонгуульд зориулж 200 сая төгрөг суулгасныг Төсвийн байнгын хороо хэлэлцүүлгийн шатанд танасан. Энэ нь эдгээр суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах шаардлагагүй гэсэнтэй адил сонсогдож байна гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярив.
Гуравдугаарт УИХ-ын үйл ажиллагааны талаарх УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонссон байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ тухайд, "Намрын чуулган эхэлснээс хойш УИХ бүтэн цагаар хуралдсан өдөр байхгүй. Хоёр хориг хэлэлцэж баахан бужигналаа.  МАН-ын дотоод хагарлаас болж 2018 оны төсөв өнгөрсөн 7 хоногт батлагдсангүй. Энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой. Хэрэв хуулийн хугацаандаа батлахгүй бол ямар үр дагавар үүсэхийг бодолцоорой. Одоо УИХ-д орж ирэх  хуулиуд нь улстөржсөн хууль байх нь, иргэдийн нийгмийн асуудал, амьжиргаатай холбоотой хууль орж ирэхгүй нь. Төрийн ажил явахаа болилоо. Одоо бидний өмнө олон ажил хүлээгдэж байна. Цаашдаа ингэж ажиллаж болохгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг яаралтай хуралдуулж УИХ-ыг цаашид хэрхэхийг хэлэлцэх хэрэгтэй" гэв. Бүлгийн даргын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаар асуулт тавьсан юм.

-Багш нар өнөөдөр ажил хаяж байна. Энэ тал дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Тодотгол ярьж байх үед бид багш эмч нарын цалинг нэмэх шаардлагыг тавьж байсан. Энэ шаардлага дээрээ бид хэвээр зогсож байгаа. Энэ бол шударга шаардлага. Монгол Улсын эдийн засаг өсч байгаа юм бол ОУВС-гийн цалин царцаасан шаардлагыг Засгийн газар эргэж харах хэрэгтэй.
Б.Туул
 
Холбоотой мэдээ